Шуурхай мэдээ



Хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисыг хүлээлгэн өглөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-17 11:07
  • 0

Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. ХБНГУ-ын “Мерск” компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж,  86 төрлийн стандарт бодисыг  хүлээлгэн өгөх үеэрээ ингэж хэлжээ.  Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан нь богино хугацаанд гарах боломж бүрдэж байгаа юм.


МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар:

Хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа ихээхэн шаардагддаг байсан

“Меркс олон улсын байгууллага Монголын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлэх зөөврийн тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Өмнө нь эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан бөгөөд хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг байсан. Харин одоо зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахад тус дэм болно.


Мерск компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия:

Энэ төхөөрөмжөөр хаана ч шинжилгээ хийхэд хялбар, ундны ус ашиглан шинжилж болдгоороо онцлогтой

Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. Энэ нь олон мянган хүний амьдралыг эрсдэлд оруулсан асуудал болоод байна. Манай байгууллага судалгаа шинжилгээнд үндэслэн хуурамч эм илрүүлэх зорилготой зөөврийн лаборатори төхөөрөмжийг хөгжүүлсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр хаана ч шинжилгээ хийхэд хялбар бөгөөд ундны ус ашиглан шинжилж болдгоороо онцлогтой. Тус төхөөрөмжөөр хуурамч эмийг хурдан хугацаанд, үнэ өртөг багатайгаар илрүүлэх боломжтой.


Эмийн хяналтын лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан:   

Тураах болон дааврын бэлдмэл, тамиржуулах төрлийн хуурамч тариа орж ирдэг

 “Монгол Улсын эмийн бүртгэлд орох бүх эмийг манай лаборатори шинжилдэг учраас ачаалал их. Одоогоор манайд 4000 орчим стандарт нэр төрлийн бодис бий. Түүнийхээ хүрээнд шинжилгээ судалгаагаа хийж байна. Өнөөдөр нэн шаардлагатай 86 нэр төрлийн стандарт бодисоор нэмж хангаж байгаад баяртай байна. Энэ бодис байхгүй бол шинжилгээ судалгаа хийгддэггүй. Түүнчлэн манай улс хоёр гүрний дунд оршдог учраас хуурамч эм орж ирэх эрсдэл маш өндөр. Сүүлийн үед тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээж тамиржуулах төрлийн хуурамч тариа орж ирэх тохиолдол гарах болсон.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ