Шуурхай мэдээ



“КАНСАТ 2020” бичил хиймэл дагуул хөөргөх үндэсний V тэмцээн эхэллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-17 15:35
  • 0

“Өөрсдийгөө сорьцгооё” уриатай сансрын технологийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан олгох зорилготой, мөн түүгээрээ өрсөлддөг “КАНСАТ” үндэсний 5 дугаар тэмцээн  /2020.01.16/ эхэллээ. Кансат (can – лааз, sat – “satellite” буюу лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул гэсэн утгатай) тэмцээн нь оюутан залуус өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний жижиг төхөөрөмжөө сонирхогчийн пуужингаар дээш хөөргөн агаарт тодорхой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг юм. Харин энэ тэмцээний арай хүнд төрөл нь өрсөлдөгч багууд робот зохион бүтээж, сонирхогчийн пуужингаар дээш хөөргөн агаарт шидэж, тэрхүү роботууд нь өөрсдөө газарт буун урьдчилан тэмдэглэгдсэн тодорхой цэгт хүний оролцоогүйгээр явж очих ёстой аж.


Энэ жилийн КАНСАТ 2020 үндэсний тэмцээн нь дээрх хоёр төрлөөр, чиглүүлэх сургалт болон уралдаант тэмцээн хосолсон хэлбэрээр явагдаж байна. Ингэхдээ багууд өөрсдийн “КАНСАТ”-аа даалгавар буюу “mission” тодорхойлох, зураг гаргахаас эхлэн сонирхогчийн пуужингаар хөөргөн ажиллуулах хүртэлх бүхий л үйл явцыг цогцоор нь хийж гүйцэтгэн оноо цуглуулж өрсөлдөх юм. Тэмцээн  2020 оны 6-р сарын 6-ний өдөр КАНСАТ-аа хөөргөж ажиллуулснаар дуусах юм байна.


Үндэсний тавдугаар тэмцээнд Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик Тээврийн Сургууль болон Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Монгол Коосэн Технологийн Коллеж, Төмөр замын дээд сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг дотоодын 9-н их дээд сургуулийн 12 багаас гадна, Агаарын спортын “MAESTRO” аэро клуб, ХУД 114-р сургуулийн “Obssession”, АНУ-ын Элчин Сайдын Яамны Соёл Мэдээллийн Төвийн Дэргэдэх “Makeuspace Mongolia” клуб зэрэг сонирхогчийн клубуудын 3-н баг нийт 15 баг оролцож байна.


Кансат тэмцээн нь Монгол Улсад анх 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулагдаж байсан бөгөөд 2016 оноос хойш зохион байгуулагдаагүй завсарлаад байсан юм.


Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер судлаачид болоод нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тэмцээнийг энэ жил Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ (MOSTA) нь МУИС – ийн Шинжлэх Ухааны Сургууль болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газартай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи дэд системүүдийн үүрэг зориулалтын тухай мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн зохиож буй системийн даалгавраа хэрхэн тодорхойлж бичихээс эхлэн загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах, мэдээлэл боловсруулах, түүн дээр үндэслэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөгийн бүхий л үйл явцыг өөрсдөө оролцон хийдэг давуу талтай.

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Сансрын Технологийн Холбооны mosta.mn веб хуудаснаас аваарай.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ