Шуурхай мэдээ



Х.Мандахбаяр: Гүтгэх заалт Эрүү, Зөрчлийн хуулиас хасагдсан


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-20 18:43
  • 0

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн иргэн, албан тушаалтан, байгууллагын талаар түгээсэн мэдээллээс болж Зөрчлийн хуулиар торгуулдаг байсан. Тэгвэл гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас хасагдаж Эрүүгийн хуульд орсон тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай ярилцлаа.

-Гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасаж Эрүүгийн хуульд оруулснаар сэтгүүлчдийн эрх зүйн байдал улам дордлоо гэсэн ойлголт хэвлэлийнхний дунд байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас өмнө Эрүүгийн хуульд байсан. Хариуцлага нь сэтгүүлчдийг хорих, баривчлах ялтай байлаа. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд маш хортой, сэтгүүлчдийг айдаст автуулдаг байсан. Эрүүгийн хэрэг үүсчих юм бол байцаан шийтгэх ажиллагаа явагддаг, залхаан цээрлүүлдэг. Үүнээс болж сэтгүүлч анхны мэдээллээсээ буцах хүртэл гажуудал үүсгэдэг байсан.

Энэ гажуудлыг засаж, Зөрчлийн хууль батлагдсан нь дэвшил болсон.

Ингэснээр сэтгүүлчийн эрх зүйн байдал дээрдсэн. Гэтэл Зөрчлийн хууль хэрэгжээд эхлэхэд гомдол гаргагч цагдаад “Энэ сэтгүүлч намайг гүтгэлээ, доромжиллоо” гээд ханддаг. Хорооны цагдаа түүнийг нь хүлээж аваад 58 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэнэ. Ямар нэгэн шүүхийн процесс энэ үед өрнөхгүй. Хорооны цагдаа “Гүтгэсэн нь үнэн байна”, эсвэл “Та энэ хүнийг доромжилсон байна гээд” шийтгэчихдэг. Ингээд хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгочихдог.

Харамсалтай нь, Зөрчлийн хуулийн дагуу шийдвэр гараад торгууль ноогдуулсны дараа Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломж л бидэнд үлддэг байсан. Хамгийн ээдрээтэй асуудал бол гүтгэн доромжилсон гэдгийг цагдаа үзэмжээрээ шийдээд байсан. УИХ-ын хэн нэгэн гишүүн “Энэ сэтгүүлч намайг гүтгэлээ” гээд гомдол гаргачихаар сэтгүүлч “Гүтгээгүй” гэдэг. Цагдаа хариуд нь “Чи гүтгээгүйгээ өөрөө нотол” гэдэг байсан. Ингэхээр сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрх чөлөө алдагдаж, олон нийтэд дэлгэх шаардлагагүй баримтаа ил гаргах болдог. Сэтгүүлчийн хараат бус мэргэжлийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлэх том эрсдэл бий болчихож байгаа. Монгол Улс хүлээн зөвшөөрч нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциуд ч зөрчигдөөд эхэлж байгаа юм.

Үүнээс болж Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага гүтгэх заалтаар 300 гаруй сая төгрөгөөр торгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тийм хэмжээний ял шийтгэл авсан гэсэн үг. Тиймээс гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулахтай холбоотой олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Ганц МСНЭ бус хот хөдөөгүй бүх төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод нэгдэж гүтгэх заалт Зөрчлийн хуулиар гажуудаж байгааг маш олон жишээгээр тайлбарласан.

Хамгийн ойрын жишээг та бүхэн мэдэж байгаа. “Нэг аймгийн ИТХ-ын дарга нэг жилд 13 удаа гадаадад аялж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байна” гэж сэтгүүлч бичсэн. Тэр дарга цагдаад гомдол гаргачихсан. Гомдолдоо “...Би 13 биш 15 удаа явсан” гэсэн байдаг. Энэ гомдолдоо тэрээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан фактаа улам батлаад өгчихөж байгаа юм. Гэтэл цагдаа сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгосон. Үндэслэлдээ “Гадаад руу 15 удаа явсныг 13 гэж бичсэн байна” гээд шийдвэрээ гаргасан. Үнэндээ энэ бол сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн алдаа биш. Харин мэргэжлийн ажил үүргээ хийх явцдаа гаргасан санамсар, болгоомжгүй механик алдаа. Үүнийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хууль алинаар нь ч шийдэж болохгүй. Үүнийг салбар өөрийн зохицуулалтаар шийдээд явах бүрэн боломж бий.

-Зөрчлийн хууль болохгүй байж. Сая батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчлэлд гүтгэх заалт нь худал мэдээлэл тараасан бол гээд ороод ирлээ гэж зарим сэтгүүлч үзэж байна?

-Бид Зөрчлийн хууль гажуудал үүсгэж байна гэж олон удаа хандсаны эцэст Хууль зүй, дотоод хэргийн яам төдийгүй ер нь хууль, эрх зүйн салбарт энэ гажуудлыг хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх, доромжлох заалт байхгүй болсон. Энэ бол бодитой үр дүн мөн. Гэтэл ХЗДХЯ-ны Ажлын хэсэг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гүтгэх заалтыг тэр чигээр нь оруулаад ирсэн. Хамгийн аюултай нь гүтгэх заалт буюу Эрүүгийн хуулийн 13.14.2-т хэрэв үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар тараасан бол гээд ялын бодлогыг чангаруулчихсан байсан. Бүр тодруулбал, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. ХЗДХЯ-ны Ажлын хэсгийн энэ төслийг бид хатуу эсэргүүцсэн.

Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссон. Гэтэл ажлын хэсгээс зөрүүлээд “Тэгвэл сошиал орчинд байгаа хуурамч мэдээлэл, хуурамч хаягууд, зориуд зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгэн цацаж байгаа энэ гэмт үйлдлийг яах вэ. Сошиал дээр хуурамч хаягнаас хэн нэгнийг зохион байгуулалттайгаар худал гүтгэж, доромжилсон мэдээлэл гарахад мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна. Гүйцэтгэх ажиллагаа ч явуулах боломжгүй. Түүнээс болж гэмт этгээдийг олж илрүүлж чадахгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн. Бид үүн дээр тайлбар хэлж чадаагүй. Үнэхээр бодит үнэн.

Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж байгаа нэг шалтгаан бол сошиал орчинд тарааж байгаа худал мэдээлэл. Бид ч гэсэн сошиал орчинд худал мэдээлэлтэй тэмцэх шаардлагатай. Энэ үүднээс МСНЭ хуурамч мэдээлэлтэй тэмцэх “МGL fact-check” үндэсний хүрээлэн байгуулах санаачилга гаргаад явж байна. Тиймээс бид ямартаа ч гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй гэсэн шаардлагаа эргүүлэн тавьсан. Үүний дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.14-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана гэж орж ирсэн. Яг энэ үед би “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг дээр энэ заалт нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн адил хамрагдах нь ээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлээрээ зохицуулагдаад явъя” гэдэг санал хэлсэн. Мэдээж миний саналыг хууль зүйн салбарынхан хүлээж аваагүй. Хүлээж авах ч боломжгүй. Мэдээж Үндсэн хуульд заасан үндэс угсаа, ажил мэргэжлээр гадуурхаж болохгүй гэдэг заалт зөрчигдөж байгаа. Тиймээс би хариуд нь нэг зүйл хэлсэн. “Та нарын оруулж ирсэн худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол гээд ялын бодлогыг чангаруулсан заалт чинь бас л ийм ялгавартай байсан гэдгийг сануулах гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд энэ төсөл цааш явсан. Шинэ хуулийн 13.14 дэх заалт бол хэн нэгэн сэтгүүлч юм уу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулсан заалт биш. Хэн ч бай ямар нэгэн байдлаар олон нийтэд худал мэдээлэл тараахаас сэргийлсэн хуулийн заалт.

-Сонгуулийн хуулинд гүтгэхтэй холбоотой заалт байгаа шүү дээ?

-Сонгуулийн хуулинд байгаад энэ төрлийн харилцааг зохицуулсан заалтууд хуучин хэвээр үлдсэн гэж хууль тогтоогчид тайлбарлаж байгаа. Тиймээс тэр заалтууд Эрүүгийн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлттэйгөө уялдаад хэрэгжих байх.

-Тэгэхээр сэтгүүлч ёс зүйн дүрмээ баримтлаад ажилласан тохиолдолд худал мэдээлэл тараасан гэж буруутгагдахгүй нь гэж ойлголоо?

-Яг зөв. Ямар нэгэн байдлаар чи намайг гүтгэлээ, доромжиллоо гэж сэтгүүлчид биднийг хэн нэгэн гүтгэж ял өгдөг байдал байхгүй болсон гэдгийг ойлго.

Худал мэдээ тараах гэдэг зүйлчлэл нь зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан зүйл биш.

Энэ бол сошиал орчин дахь эзэн биегүй хаягнаас зохион байгуулалттай явагдаж буй хуурамч мэдээллээс сэргийлэх, жинхэнэ гэмт хэрэгтнийг олоход тустай хууль. Сэтгүүлч та баримтаа нягтлаад нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгээд явахад ямар ч асуудал байхгүй. Ер нь хэн ч бай худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ.

-Зөрчлийн хуулиар гомдол гаргагчийн эсрэг сэтгүүлч нийтлэл, нэвтрүүлгийнхээ үнэн бодитыг нотлох үүрэг хүлээдэг байсан. Тэгвэл энэ удаа хэрхэх вэ?

-Эсрэгээрээ. Энэ нөхцөлд гомдол гаргагч өөрөө гомдлоо нотолно.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Зарим баримтыг дэлгэхгүй байх эрхтэй. Харин гомдол гаргагч тухайн мэдээлэл худал гэдгийг нотлох баримтаа цагдаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Хэрэв мэдээний агуулгыг худал гэдгийг нотолж чадахгүй бол Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр сэтгүүлч ямар нэгэн ял шийтгэл хүлээхгүй. Ийм л зарчмын дэвшил гарсан. Бидний эрх зүйн байдал илүү дээрдсэн.

Хоёрдугаарт, МСНЭ 69 жилийн түүхэндээ сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах үүрэгтэй ажиллаж ирсэн. Би ч энэ үүргийг хүлээж байгаа албан тушаалтны хувьд нэг зүйлийг баталгаатай хэлье.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд МСНЭ болон салбарын бусад ТББ-ууд маш өндөр оролцоотой ажиллаж байгаа. Бид энэ хуулинд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, сэтгүүлч санамсар болгоомжгүйгээр мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжийг бүрдүүлнэ.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Төрийн мэдээллийн сайтад орсон өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ