Шуурхай мэдээ



Хүбэй-Хэнань 2 мужийн хил дээр хаалт хийж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-25 20:00
  • 0

Дэлхий дахиныг цочроогоод буй шинэ коронавирусын голомт болох Үхань хот орших 17 хоттой Хүбэй /Hubei/ муж бүхэлдээ хаагдаж, нийтийн тээвэр зогсжээ. Энэ мужийн төв нь Үхань хот юм.

Хүбэй муж Хөх мөрний дунд урсгал, Дүнтинхү нуурын ард байдаг учир Хүбэй буюу “Нуурын ар” хэмээн нэрлэжээ. Хүбэй муж хойгуураа Хэнань, зүүн талаараа Аньхүй, зүүн өмнө, өмнө талаараа Жянши, Хүнань, баруун, баруун хойд талаараа Сычуань, Шаньши мужтай зах нийлнэ. Тус муж нь Хятадын өндөр хөгжилтэй, эртнээс үйлдвэржсэн нутгийн нэг бөгөөд цахилгаан эрчим хүч, төмөрлөг, техник зэрэг хүнд үйлдвэр, нэхмэл сүлжмэл, гэр ахуйн модон эдлэл, эм эмнэлэг, хүнс, ундаа зэрэг хөнгөн, хүнсний үйлдвэрлэл төрөлжин хөгжжээ.

Yхань бол Хүбэй мужийн төв, Хөх мөрний боомт, Хятадын төв нутгийн усан болон хуурай зам харилцааны зангилаа, аж үйлдвэрийн цогцолбор хот юм. Хөх мөрөн, Ханьжян мөрний бэлчирт баригдсан Үхань хотын Yчан, Хань-Ян, Ханькөү гурван дүүрэг мөрнөөр тусгаарлагдана. Yхань хот 1858 оноос гадаад худалдааны төв болжээ. 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгалын анхны зэвсэгт бослого Үханьд гарч, Хятадын хамгийн сүүлийн хаант төр Манж Чин улсын ноёрхлыг эцэслүүлжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Yчан, Хань-Ян, Ханькөү гурван хотыг нийлүүлж Yхань хот болгожээ. Одоо Yхань аж үйлдвэр, худалдааны том хот болон хөгжиж байгаа аж. 

Гэвч олныг цочирдуулсан шинэ вируст өвчин Үхань хотод анх гарснаар тус бүс нутгийн нөхцөл байдал маш хүндээр эргээд байна. Хүбэй муж тэр чигтээ хаагдан, нийтдээ 50 сая хүн хөл хорионд ороод байгаа.


О.Ангараг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ