Шуурхай мэдээ



МУИС ажилтнууддаа цалинтай чөлөө олголоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-02-08 21:56
  • 0

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 тоот “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” тушаал зэргийг үндэслэн Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоож хичээл, сургалтын үйл ажиллагааг зайн хэлбэрээр, цахимаар явуулах шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн дагуу МУИС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжсэн. Өөрөөр хэлбэл МУИС-ийн багш, оюутнууд сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, сургуулийн орчинд ирэхгүйгээр хичээл тогтмол үргэлжилж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж, дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан МУИС-ийн Захиргаанаас тус сургуулийн нийт ажилтнуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох зохицуулалт хийлээ. Ингэснээр МУИС-ийн ажилтнууд томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах боломжтой болж байна.

Энэ хугацаанд МУИС-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бөгөөд ажилтнуудыг заавал сургуулийн орчинд ажиллуулах бус цахимаар, утсаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах талаар зохицуулалт хийсэн болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ