Шуурхай мэдээ



Д.Оюунчимэг: Бугын 650 кг эвэр, 2.1 тн дэрвэгэр жиргэрүү илрүүлэн, харьяаллын дагуу шилжүүлээд байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-02-14 12:00
  • 0

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон ч иргэд шалган нэвтрүүлэх товчоодоор автомашинд нуун нэвтрүүлэхийг завдсаар байна. Энэ талаар болон нийслэлийн эргэн тойрны хяналтын долоон цэгүүдэд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын илрүүлж буй хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Оюунчимэгээс тодрууллаа.

    -Улаанбаатар хотод нүүрс оруулахыг хориглосон тогтоол баталсан ч нууцаар зөөх явдал гарсаар байгаа. Танай хэлтэс энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж буйн хувьд хэчнээн хэмжээний нүүрс хураагаад байна вэ?

    -Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол 2019 оны тавдугаар сарын15-наас хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг Засгийн  газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд хууль сахиулах болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг санал болгож цаг саяхан. Засгийн газрын 62 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох эрх зүйн зохицуулалтыг  холбогдох байгууллагууд батлан гаргасан.  

    Улаанбаатар хотын дулаан үйлдвэрлэх, зохицуулах тусгай зөвшөөрөлтэй  байгууллагуудын түүхий нүүрсний  хэрэглээг зохицуулах үйл ажиллагаа холбогдох дурэм, журам, зааврын дагуу явагдаж байна. Манай хэлтсийн  хувьд  Улаанбаатар хотод дулаан үйлдвэрлэх зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээ, нийслэлээр дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтэд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавьж ажилладаг. Үүний зэрэгцээ зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байхад голлон анхаарч байна. Тоо баримт дурдвал, 2019 оны байдлаар агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй, 100 кВт-аас дээш хүчин чадалтай 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 87 халаалтын зуух, утааны шүүлтүүр суурилуулсан 203 байгууллага холбогдох газруудаас олгосон зөвшөөрлөөр 26 мянга гаруй тн түүхий нүүрс тээвэрлэн оруулж иржээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс  хэрэглэх зөвшөөрөлтэй таван хорооны хэрэглэгчид 12 мянга гаруй тн нүүрс  хэрэглэсэн  бол, шалган нэвтрүүлэх товчоодоор дамжин тээвэрлэсэн 8.6 мянган тн түүхий нүүрсэнд бид хяналт тавьж ажилласан байна.

    Энэ хугацаанд агаарын чанарыг сайжруулах бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 186 мянган тн түүхий нүүрсийг хураан “Амгалан” дулааны станцад төвлөрүүлж,  түүхий нүүрс тээвэрлэж явсан автомашиныг түр саатуулах байранд саатуулан, Зөрчлийн хуульд заасны  дагуу   шийдвэрлүүлэхээр мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. Мөн иргэдийн өнгөрсөн жилийн хэрэглээнээс илүү гарч хадгалагдаж байсан өнжмөл нүүрсийг хэрхэх талаар холбогдох байгууллагад санал, хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Засаг дарга захирамж гарган, айл өрхүүдийн хадгалж байсан  445.85 тн өнжмөл нүүрсийг зах зээлийн ханшаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан авах ажлыг зохион байгууллаа.  

    -Нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хот руу оруулж ирснийгээ иргэдэд худалдах явдал байна уу?

    -Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий  нүүрсний  татан авах,  хэрэглээнд   хяналт тавьж  ажиллах  үүрэг гүйцэтгэж байгаа манай нэгжийн хувьд  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагынхан зөвшөөрөгдсөн хэмжээгээрээ  түүхий  нүүрс татан авч байгаа эсэх мөн хэрэглээнд нь давхар хяналт тавьж ажилладаг. Түүхий нүүрс ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд зуухандаа утаа шүүгч байрлуулан  хэрэглэх ёстой.  Мөн түүнийгээ  суурилуулсан  эсэх,  ажиллуулж байгаа үгүй д ч хяналт тавьж ажиллаж байна. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжүүд татан авсан нүүрсээ ил задгай орхидог. Уг нь журамд зааснаар харуул манаатай байлгаж, хашиж битүүмжлэн, хяналтын камер байрлуулах  ёстой. Гэтэл зарим аж ахуйн нэгж үүнийг зөрчсөнөөс иргэд тэндээс нь   зөвшөөрөлгүй  авч хэрэглэх тохиолдол  гарч байсан.  Нийслэлд зохих зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн найман аж ахуйн нэгжийг илрүүлэн НМХГ-т шилжүүлж 18 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.  

    Мөн Налайхын бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг хориглочихоод байхад тэднээс түүхий нүүрс худалдан авах зөрчил их байна. Хяналт, шалгалт тогтмол явуулснаар иргэдийн гаргаж буй, түүхий нүүрс оруулж ирэх зөрчил нэг үеэ бодвол багасаж байгаа ч байнга хяналт тавьж байхгүй бол болохгүй юм. Энэ сарын 2-нд л гэхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Налайх дахь бичил уурхайгаас 49-47 УНМ дугаартай  тээврийн  хэрэгслээр 13.4 тн түүхий нүүрс элсэн доор нууж Хонхор дахь хяналтын цэгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэсэн   зөрчлийг манай алба хаагчид илрүүллээ.

    -Их хэмжээний бугын эвэр, дэрвэгэр жиргэрүү гээд хориглосон амьтан, ургамлын гаралтай, хориглосон түүхий эд тээвэрлэж явсныг танай алба хаагчид илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч.

    -Манай хэлтсийн алба хаагчид зөвхөн нүүрстэй холбоотой хяналт, шалгалт хийхээс гадна нийслэл рүү орж байгаа автомашинуудыг шалгах явцад маш олон зөрчил илрүүлж холбогдох байгууллагад нь шилжүүлэн шийдвэрлүүлдэг. Тухайлбал, нэн ховор, ховордсон ан амьтан түүний түүхий эд,  өвс ургамал,  мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал, согтуугаар болон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн гээд олон зөрчлийг илрүүлэн харьяалах дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлсээр байгаа. Тоо  баримт дурдвал, 2019 оны тавдугаар  сараас хойш бугын 650 орчим кг ясан, таван ширхэг цусан эвэр, мансууруулах үйлчилгээтэй ургамал 64 кг, ховор ургамлын жагсаалтад багтдаг дэрвэгэр жиргэрүү 2.1 тн, гоёо гурван кг, хонин арц 80 кг, тарвага 622 ширхгийг тээвэрлэж явсныг илрүүлж харьяалах нутаг дэвсгэрийн Цагдаагийн газар, хэлтэс, мэргэжлийн байгууллагад  шалгуулахаар хүлээлгэн өгсөн.

    -Хойлгийн мах тээвэрлэж явсан жолооч хүний дайвар ачаа авчирсныхаа төлөө хариуцлага хүлээсэн гэсэн. Үнэн үү?

    -Ховд аймгаас Улаанбаатар хот руу өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн автобусаар хоёр ширхэг хойлог шувууны мах тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн    харьяа Цагдаагийн хэлтэст нотлох баримтын хамт шилжүүлсэн. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд өөрөө агнаагүй, түүгээгүй ч ховор, нэн ховор ан амьтан, ургамал, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан л бол хариуцлага тооцохоор заасан. Тэгэхээр бусдын дайвар ачааг тээвэрлээд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээсний тод жишээ энэ юм. Тиймээс иргэд үүнд анхаарах хэрэгтэйг энэ дашрамд сануулъя.

  Түүнчлэн цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж буй таван иргэнийг тогтоож, харьяалах газар, хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгөөд байна.

 Эх сурвалж "Өнөөдөр" сонин Сэтгүүлч Г.ЦОЛМОН

/Цагдаагийн ерөнхий газрын сайтаас авав/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ