Шуурхай мэдээ



Б.Булганчимэг: Амьдралыг кинотой зүйрлэвэл найруулагч нь би


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-03-06 11:38
  • 0

Цэргийн хүний эхнэр гэдэг эх орондоо эр нөхөртэйгээ хамтдаа тангараг өргөсөн эгэлгүй баатруудын ар тал гэж бодож бахархдаг. Энэ л бахархлынхаа үнэ цэнийг ойлгуулах гэж энгийн даруухан алба хаагчийн гэргий Б.Булганчимэгтэй ярилцлаа. Түүний хань Д.Энхбат нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажилладаг хошууч цолтой алба хаагч юм.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

Юуны өмнө “Онцгой мэдээ” сониноор дамжуулан нийт алба хаагчдынхаа амгаланг айлтгая. Намайг Б.Булганчимэг гэдэг. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Боловсролын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна. 1999 онд ханийгаа их сургуулийн сонсогч байхад нь танилцаж, 2000 онд гэр бүл болсон. Түүнээс хойш Онцгой байдлын байгууллагыг мэддэг, ойлгодог, дэмждэг эхнэрүүдийн нэг болсон доо. Хоёр охинтой. Том охин Э.Минжинсор Дотоод хэргийн их сургуулийн Эрхзүй нийгмийн ухааны сургуульд эрхзүйчээр, бага охин Э.Мишээл нийслэлийн 50 дугаар дунд сургуульд суралцдаг.

Оны өмнөхөн Онцгой байдлын газрын  хамт олны саналаар “Шилдэг гэр бүл”-ээр  шалгарсан. Хамт олноос энэ шагналыг хүртэхэд олон жилийн  хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сэтгэл, хариуцлага шаардагдсан нь мэдээж?

 Миний хань гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед нь энэ ажил хамгийн эрсдэлтэй, амь сөрсөн хүнд гэдгийг мэдэж байсан. Хүнд туслах дуртай хүнд бурхан хүртэл тусалдаг гэдэг шүү дээ. Өнөөдрийн бидний ажил, амьдралын амжилт, сайн сайхан бүхэн энэ албатай салшгүй холбоотой.Анх ажилдаа явахад нь зөндөө юм төсөөлж бодоод айгаад үлддэг байлаа. Одоо бол харин ч туслаад  болохгүйгээс нь болох хүртэл дэмнээд л явж байна. Үүний үр дүнд хамт олонд нь хүндлэгдсэн байх. Бусдад хүндлэгдэж, хайрлагдана гэдэг бол маш том итгэл юм даа.

-Энэ бүхнийг бий болгоход гэргий хүний үүрэг хамгийн их. Эхнэр хүн, ээж хүн ямар байх ёстой вэ таны бодлоор?

   Айл гэрийн амьдрал эхнэр хүний ухаанаас их шалтгаалдаг юм шүү гэж ээж минь захидаг байсан. Агуу хэрнээ энгийн энэ ухаанаар л амьдрахыг хичээж байна. Амьдралыг кинотой зүйрлэвэл найруулагч нь эхнэр би. Яаж найруулбал амьдрал тэгширч, үр хүүхдээ хүний дайтай өсгөж, хань ижлээ түмэнтэй явуулах вэ гээд асуудал их. Ингээд бодохоор ямар үүрэг, хариуцлага оногдох нь тодорхой байгаа биз.  Манай гэр бүлийн хувьд нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг хэзээ ч хорьдоггүй. Бие биенийхээ үзэл бодол, мөрөөдлийг дэмжинэ гэдэг хамгийн чухал. Нөгөөтэйгүүр хайраа илэрхийлж байгаа хамгийн том илрэл гэж ойлгодог.  

-Охидууд аавынхаа ажлыг өвлөнө гэвэл хамгийн их дэмжих хүн нь та юм байна?

 Тэгэлгүй яахав. /инээв/ Охидууд маань аавынхаа ажил, мэргэжилд их дуртай. Дуудлага гарахад, ажилдаа явахад нь хамт явчих гээд л байдаг юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагч болно оо гэвэл би хэзээ ч хорихгүй. Таны хэлснээр хамгийн сайн дэмжигч нь байсаар л байна.

– Жаргал, зовлон, баяр бахдлыг нь мэдэрсэн хүний л хэлэх үг байх?

   Өдөр бүр гамшиг, ослоос хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ариун үйлс бүтээж байдаг ханиараа болон хамт олноор нь үргэлж бахархдаг. Миний хань Онцгойгийн алба хаагч гээд хэнд ч хэлэхдээ бардам, сэтгэл дүүрэн сайхан байдаг. Хань минь гал сөнөөгчөөс эхлээд Гал  түймэр унтраах, аврах 22 дугаар ангид бага дарга, салааны захирагч, Нефть хангамжийн газрын гэрээт байцаагч, Онцгой байдлын газарт Гал түймрийн улсын хяналтын байцаагч хүртэл дэвшин 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Ийм л бахархалтай хүний ар тал болохоор шантрах, халшрах, эмээх зүйл байхгүй шүү дээ. Дэм дэмэндээ сайхан л амьдарч байна. Би бас ханийхаа ажлынханд өөрийн хийж чадах зүйлээрээ тусалдаг. Сэтгэлээс гарсан зүйл бүхэн сайхан шүү дээ.

-Тэр ажлынхаа талаар тодруулж ярьж болох уу.Сонирхол татаад байна?

  Бололгүй яахав. Өнгөрсөн онд Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг монгол бичигтэй нэрийн хуудастай болгосон. Энэ санаачлагыг газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан гаргаад, надад санал тавьсан юм. Таталбар бичиг нь хамгийн их тэвчээр шаардсан урлагийн нэг төрөл. Ухааны,  нүдний, гарын ур энэ бүгдийн цогц. Үүн дээр аливаа уран бүтээл хийхэд сэтгэлээ шингээнэ гэж хамгийн чухал зүйл байна. Хүнд ер нь сэтгэлээсээ хандаж, үнэн явах шиг сайхан зүйл байдаггүй. Үнэн сэтгэлээ шингээж урласан бүтээл үнэ цэнээ алдахгүй гэж бодож хийсэн дээ.

-Тэгвэл таны нүдээр Онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшил хэрхэн харагддаг вэ?

  Бүх зүйл орчин үетэйгээ эн тэнцсэн гэж ойлгодог. Алба хаагчдын ур чадвар, үүрэг гүйцэтгэх хувцас хэрэгсэл, техник, ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаа гээд.  Мөн ард, иргэдийн итгэлийг маш их хүлээдэг болсон байна. Ханийн минь ажил, албаар хүн бүр бахархан ярьж байгааг сонсоод л баярладаг.

Сэтгэл зүрх нь энэ албаны төлөө цохилж байдаг мянга мянган гэргий нарын төлөөлөл болсон танд баярлалаа. Энэ их итгэлийн цог үргэлжид бадарч байх болтугай?

 Хүн сэтгэлээсээ бүх зүйлд хандаж, хамт олонтойгоо явахад аяндаа амьдрал гэрэлтдэг гэж боддог. Гамшиг аюулыг сөрж зогсдог ган дуулгатан та бүхэнд ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэд ахлагчаас хурандаа хүртэл дэвшин дээшлэхэд

Дэргэд нь баярын нулимстайгаа хамт байдаг

Дэврүүн залуу насандаа алдаж онож явахад

Дэргэд нь ухаарлын үгтэйгээ хамт байдаг

Үнэний төлөө өдөр шөнөгүй түмэндээ зүтгэхэд

Үнэнч сэтгэл нь нөхөртэйгөө хамт байдаг

Цэргийн хүний гэргий бурхад байдаг юм


Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ