Шуурхай мэдээ



Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-03-20 12:17
  • 0

Монгол Улсын Засгйин газар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн  эх үүсвэр гаргана

Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.

Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа.

Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт  даалгав.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ.

Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.

Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж,  3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн –ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой бололох аж. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар  газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурч хүрэх боломжийг бүрдүүлсэн гэв.

ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад  энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна.

Иймд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд үнээ бууруулж, хэрэглэгчдээ хангана гэдэгт итгэлтэй байна гэж УУХҮ-ийн сайд мэдэгдсэн. Одоогоор улсын хэмжээнд шатахууны төрөл бүрээр дунджаар нэг сарын нөөцтэй байгаа аж. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байна. 2018 онд 1,4 мян/тн, 2019 онд 1,7 мян/тн автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлтийг харуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ