Шуурхай мэдээ



Баатруудаа дурсахуй....


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-04-30 11:05
  • 0

Онцгой байдлын Ахлах ахлагч Г.Багабиш: Арай залуу нь амьдраг гэж бодсон

2012 оны 4 сарын 18-24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Халх гол, Хэрлэн сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ суманд түймэр гарсан юм.

...Салхины чиглэл өөрчлөгдөх үед арав орчим метр өндөр галын хуй орж ирсэн байна. Үүнийг харсан жолооч Д.Болдбаатар салхин дээд талаас нь хүмүүсийг машиндаа суулгаж яваад галд нөмрүүлжээ. Тэд гал сөрж явсаар хуйхлагдсан газар ирээд машин дахь хүмүүсээ буулгаж, салхины доод хэсэгт байсан гал сөнөөгчид рүү очиход нүд хальтрам, сэтгэл эмзэглэм байдал угтжээ.

Энэ салбарт 16 жил шүхэрчин-гал сөнөөгчөөр ажилласан 38 настай дэслэгч Ч.Намжилдаш, найман жил ажилласан 28 настай Ж.Одбаяр, долоон жил ажилласан 28 настай С.Бат-Эрдэнэ нар хэдийнэ амиа алдаж, харин ахлах ахлагч Г.Багабиш хөшөө мэт  зогсчихсон,  дэд ахлагч А.Болорсүх замын ховил дээр сууж байсан аж. 

Дэд ахлагч А.Болорсүх:  “ Багаа ахаа, та миний амийг аварлаа шүү дээ” гээд уйлсан байна. Энэ үед ахлах ахлагчийн биеийн зарим хэсгийн арьс хууран унаж байсан бөгөөд “Дүү нар минь тасдаад хаяад байгаарай” хэмээн хэлж байжээ.  Тэднийг Дорнод аймгийн Баяндун сумын эмнэлэгт хүргэх үед Г.Багабиш “Дүү нар минь чадвал би өөрөө яваад орчихъё” хэмээгээд эмнэлэг рүү хээв нэг орж байхыг харсан хүмүүс түүний эр зориг, тэвчээр хатуужлыг гайхаж байсан гэдэг.

Аврагч агсан Г.Багабишийн гэр бүлийн зургийн цомгоос....

Тэрээр гал нөмрөх үед хамт байсан А.Болорсүхийг дороо хийж дарж хэвтсэнээр өөрөө 90 хувь түлэгдэж, бурханы оронд заларсан билээ. Харин А.Болорсүх 60 орчим хувийн түлэгдэлтэйгээр амьд үлдэж,  БНСУ-д эмчлүүлсэн юм.  “Арай залуу нь амьдраг гэж бодсон” хэмээн дэд ахлагчийг дарж хэвтсэн шалтгаанаа тайбарласан эх орон, бусдынхаа төлөө цохилох зүрхтэй баатарлаг албан хаагчдын нэг нь Гунгаагийн Багабиш байлаа.....

БААТРУУДАА МАРТАХ ЁСГҮЙ!


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ