Шуурхай мэдээ



Цар тахлын үеэр бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс нисэж ирсэн тэмдэглэл-1 /цуврал/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-05-09 21:39
  • 0

Миний тусгаарлах байр (TБ) болох “Зүчи” зочид буудлын таван давхрын өрөөний цэлгэр цонхоор Монголын минь цэнхэр тэнгэр, алгуурхан нүүдэллэх хурган цагаан үүлс харагдах бөгөөд, тавдугаар сарын эхний нар ээсэн налгар сайхан өдөр угтав. ТБ-ын цаахантай сүндэрлэх өндөр өндөр шинэхэн орон сууцнуудын орой тэртээх хурган үүлстэй нийлээд үнэхээр сүрлэг харагдах аж. Хонх дуугарч, намуухан дуутай залуухан эмэгтэй “Үдийн хоолоо аваарай” гэх хүртэл “Эх орны минь тэнгэр нь хүртэл ийм ойрхон...” хэмээн бодол хэлхэж үд хүргэжээ. Хоол хүргэхээр гурван хүн явах бөгөөд бүгдээрээ хамгаалалтын битүү цагаан хувцас өмсөж, нүүрний хаалт, маск зүүжээ. Тэд “Хоолны амт, чанар ямар байна? Та хоолондоо цадаж байна уу?” хэмээн өөриймсөг асууна, нэг л дотно.

 Эрдэм сурахаар хилийн дээс алхаад даруй зургаан хаврыг үджээ. Хэрвээ Ковид19 (К19) гараагүй бол энэ жил ирэх боломж бага байсан. Миний бодлоор, харийн нутгийг зорьсон элэг нэгт монголчууд маань ажил, амьдралын шаардлагаар эх нутаг, элгэн садан, хайртай хүмүүсээсээ холдож, хүний нутагт жаргал, зовлонг туулан он жилүүдийг үддэг бололтой.

 Миний бие олон жилийн өмнө эх орон, төрсөн нутагт минь ажиллаж амьдарч байсан Америк найзтайгаа уулзангаа, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлэхээр 2019 оны 10-р сард Европ дахь сургуулиасаа 6 сарын F1 визатайгаар Америкт анх хөл тавьсан юм. Дараагийн батлагдсан эрдэм шинжилгээний хурал Европод болох байсан тул хурлын товлосон өдрүүдийг дөхүүлэн явахаар төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт K19 цар тахлын улмаас товлогдсон хурал цуцлагдаж, мөн хаашаа ч явж чадахааргүйгээр улс орнууд хилээ хаачихсан билээ.

  Ингээд 3 сарын эхний долоо хоногоос 4-р сарын 28 хүртэл хөл хорионд гэрээс гаралгүй байхдаа зарим улс орнууд дахь Монголын дипломат төлөөлөгчийн газруудын албан ёсны цахим хуудсуудаас мэдээлэл авч холбоо тогтоосноос гадна, АНУ дахь Монголын элчин сайдын яамны ажилтнуудтай цахим шуудангаар холбогдон нөхцөл байдлаа мэдээлж байв. Харийн оронд хөл хорионы хүнд нөхцөлтэй тулгарч, тодорхойгүй ирээдүй хүлээж байсан хэдий ч итгэл найдвар дүүрэн байж, олон сайхан найз нөхөдтэй болж байлаа.

 2020 оны 4-р сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд “Mongolchuud Germand” цахим хаягнаас “Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдэд анхааруулах нь” гэсэн гарчигтай нэлээд урт захидал хүлээн авснаар тус нислэгийн мэдээллийг авч, Вашингтон хотод байрлах Монголын элчин сайдын яаманд яаралтай буцах хүсэлтээ үндэслэлүүдийн хамт цахим шуудангаар хүргүүлэв. Хоёр үндэслэл нь тавьсан шаардлагад тохирч байсан хэдий ч “Сайн зүйлд найд, гэхдээ хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн бай” гэдэг үгийг санан аль ч шийдвэрт өөрийгөө бэлтгэж байлаа.

Элчин сайдын яамнаас 4-р сарын 26-ны өдөр залган, миний регистрийн дугаар болон овог нэрийг хэлж “Таны буцах үндэслэлүүдийг судалж, таныг явуулахаар болсон. Та 24 цагийн дотор МИАТ-ын билетээ захиалж, баталгаажуулаарай” хэмээн зөвлөж зааварчилгааг зурган байдлаар илгээв (Захидалдаа регистрийн дугаараа бичээгүй байсан юм даа гэж бодож амжсан шүү).

 ...МИАТ-ын онгоцонд суухаас өмнө эмнэлгийн хамгаалалтын өмсгөл өмссөн гурван мэргэжилтэн зорчигчдын гадаад паспортыг хураан авч, биеийн халууныг бугуй болон духнаас тус тус хэмжин, тандалт судалгааны асуумж бөглүүлж, мөн онгоцонд суухын өмнө шинэ маск зүүлгэж гар ариутгаж байлаа. Ерөнхийдөө нийт зорчигчид эмнэлгийн гэж нэрлэгддэг бээлий өмсөн бүгд маск зүүж, зарим нэг хүмүүс эмнэлгийн хамгаалалтын хувцастай төстэй битүү хувцас, зарим нь борооны нэг удаагийн цув гэж нэрлэгддэг гялгар уут шиг материалтай цув, зарим хүмүүс нь нэг удаагийн цув шиг мөртлөө дээхэн үеийн кинон дээр гардаг саальчны өмсгөл мэт урд тал нь битүү халад ч өмссөн харагдах нь хүн бүр К19 вирусээс өөрийгөө хамгаалахаар маш ухамсартайгаар хувийн бэлтгэлээ базаасан нь илт.

Онгоц газардахаас өмнө дахин шинэ маск тараан өгч, газардсаны дараа нарийн зохион байгуулалттайгаар овог нэрээр нь дуудаж, хэсэг хэсгээр нь буулгалаа. Нэр минь дуудагдах тэр үед яагаад ч юм сэтгэл догдлон, баярласан юм. ЭХ ОРОНДОО ИРЭХ ИЙМ САЙХАН...

 Зорчигчид онгоцноос буугаад холгүйхэн байрлуулсан тусгай асарт орж бүрэн ариутгал хийлгүүлэв. Миний бие салхи усны хамгаалалттай хүрэм өмсөж, юүдэнгээр нь саравчтай малгайныхаа гадуур битүү хаан, олон цагаар шүүгч филтертэй маскны дээрээс онгоцонд тавьж өгсөн шинэ маскийг зааврын дагуу давхарлаж зүүсэн байсан учраас ариутгалын бодисны үнэрийг ч мэдрээгүй. Гэсэн хэдий ч бүрэн цэвэрлэгдсэн тэрхүү мэдрэмж одоо ч мэдрэгдсээр байна.

Биднийг зөөвөрлөж буй автобусны өмнө цагдаагийн тусгай машин явсан бөгөөд замын хажуугаар алсаас ирж буй үр хүүхэд, ээж аав, эмээ өвөөгөө угтан сүүн дээж, цацал өргөсөн хүмүүс харагдах нь сэтгэлд нэн дотно мэдрэмж төрүүлж байлаа....Мөн тусгаарлагдсан байранд үйлчилж буй ажилтнууд, эмч нар маань үнэхээр элэгсэг сайхан харилцаатай байгаа нь миний тэр нэг нэн дотно мэдрэмжийг улам бадраасаар байна. Тийм ээ, энэ бол миний ЭХ ОРОН, ТӨРСӨН НУТАГ....

Ийм сайхан мэдрэмжтэй байгаа учраас ТБ-ны хоолны амт, өнгө үзэмж асуудалгүй санагдаж байна.

 Хүний нутагт өвдсөн бол юун хоолоо голж чамлах, тэд харин намайг чамлах бизээ. Зориод ирсэн хүсэл мөрөөдлөө бодохоор хүний нутагт сайхан зүйл зөндөө байдаг ч хатуу цагтаа дэндүү хатуу. Хэрэв та хүний нутагт коронавирусээр өвчилбөл ямархуу тавилан хүлээх нь төсөөлөхөд ч бэрх. Хүний нутгийн тэнгэр дэндүү хол...

 Эх орондоо яарсаар ирэх дараа дараагийн хүмүүст хэрэг болж магадгүй хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцахыг хүслээ.

  • ·         Нэг удаагийн маск олон солихгүйгээр олон цагаар шүүх филтертай маскаа тайлалгүй, нэг удаагийн маскийг давхарлаж өмсөх;
  • ·         К19 үед зорчиход зориулагдан үйлдвэрлэгдсэн хамгаалалтын хувцас өмсөх, тэр нь олдохгүй тохиолдолд ус, салхи нэвтрүүлдэггүй юүдэнтэй хүрэм бэлтгэх;
  • ·         Нэг удаагийн эмнэлгийн гэх бээлийнийхээ дотор талд нимгэн ердийн бээлий өмсөх;
  • ·         Жижиг савалгаатай гар ариутгагч биедээ авч явах;
  • ·         Онгоцноос буугаад шууд гар тээшээ аваад хуваарилсан байранд очих учраас хуурай идэх зүйлс, цай, саван гэх мэт гэрээсээ эргэлт иртэл түр хугацаанд хэрэглэх хүнс, ахуйн хэрэглээгээ сайтар базаах;
  • ·         Хэрвээ та ямар нэг эм уудаг бол түүнийгээ, мөн халуун хэмжигчтэй хамт биедээ авч явах;
  • ·         Хамгаалалтын нүдний шил, эсвэл нүүр халхалсан хамгаалалтын саравч зүүх;
  • ·         Нислэгээ хүлээх зуур хүмүүсээс аль болох зайтай байхад анхаарах;

   Эцэст нь хэлэхэд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэнчлэн “Айдас биш ХАЙР, ХАЛАМЖ түгээхийг” уриалж байна.

   Өнөөгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, ОБЕГ болон бусад холбогдох яамд, газруудын бүхий л ажилтан, албан хаагчдад маш их талархаж буйгаа илэрхийлье! Мөн дэлхийн өнцөг булан бүрт эх орноо төлөөлөн ажиллаж буй Дитломат төлөөлөгчийн газрынхандаа чин сэтгэлээсээ таралхаж байна. Та бүхний маань үйлс бүхэн нь дэлгэрч, эрүүл энх байхыг хүсэн ерөөе!

  Мөн АНУ-д байх хугацаандаа танилцсан сайхан сэтгэлт найз нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Та нарын минь амьдрал АЗ ЖАРГАЛ, ХАЙРААР дүүрэн байж, бусдын төлөө зориулсан нандин сайхан сэтгэлийнх нь илч гэрлийг БУРХАН дахин дахин ивээн ерөөх болтугай!

   Эх дэлхий минь амар амгалан, хүн зон нь эрүүл энх байхыг хүсье! /Үргэлжлэл бий/

    Сөүлийн транзит нислэгээр ирсэн зорчигч Гэгээн 

    2020 оны 5 дугаар сарын 9                                                                        Улаанбаатар хот

  ЖИЧ: Энэ нийтлэл хэн нэгний захиалга, сонгуулийн сурталчилгаа биш гэдгийг чин үнэнээсээ хэлэхийг хүсэж байна.

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ