Шуурхай мэдээ



Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-05 18:29
  • 0

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Багахангай дүүрэгт албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн эхэнд Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд бидний зөв сонголтын үр дүнд нутаг оронд маань эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц сүндэрлэж, хөлбөмбөгийн талбайтай болж, зам харгуй, дэд бүтэц, шугам хоолой шинээр бий болж та бидний ажиллаж, амьдрах орчин нөхцөл таатай болсон. Багахангай дүүрэгт өнөөдөр Үйлдвэр, технологийн паркийн үндэс суурь тавигдаж, үйл ажиллагаа нь эхлээд байна. Харин зам тээврийн зангилаа хотын хувьд төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн, ачиж буулгах, ложистикийн боломжийг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, Богдхан төмөр замыг хөгжүүлэх асуудлууд шийдлээ хүлээж байна. Тиймээс дүүрэг, нийслэлийн түвшинд ажилласан туршлагатай, дүүргийн жаргал, зовлонг сайн мэддэг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар УИХ-д сонгогдвол шийдлээ хүлээж буй эдгээр олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

С.Амарсайхан: Багахангай дүүргийн Махны үйлдвэрийг банкны барьцаанаас авч, үйл ажиллагааг нь сэргээх ажлыг эхлүүллээ    

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан Багахангай дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан хэлэхдээ “Алслагдсан 3 дүүрэг хөгжлийн бодлого, шийдвэрээс хол байж ирсэн нь бидний гашуун үнэн. Харин өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог, хоёр мандаттай болгосон цаашид улс, нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого нэг цул болж хөгжих боломж бүрдэж байна. Багахангай дүүрэг маань хүн ам цөөтэй, цомхон дүүрэг ч гэлээ Ази, Европыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, ачаа тээврийн зангилаа болох боломж нөхцөл бүрдсэн. Баганхангай бол Махны үйлдвэр анх байгуулагдаж, адууны махыг Япон руу экспортолдог байсан ажил хэрэгч дүүрэг. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд энэ үйлдвэрийг банкны барьцаанд тавьж, тоногдсон байдалтай байсныг нийслэлийн өмчид буцаан авч, Махны үйлдвэрийг хариуцан ажиллах захирлыг томилон ажил хэрэг болгоод явж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 50 га газрын эрхийг баталгаажуулж, гал тэрэг угсардаг үйлдвэрийг барих ажлыг албан ёсоор эхэлж байгаагаа баяртайгаар дуулгаж байна. Нүүрс боловсруулах, шингэрүүлэх үйлдвэр, Үйлдвэр, технологийн паркийн ажлууд эхлэх шатандаа явж байна. Цаашид эдгээр төлөвлөсөн ажлуудыг хийж, дуусгах их итгэл хүлээлгэвэл төрийнхөө цэгцтэй бодлого, шийдэл, хөгжлийн түүчээ нь байя гэдгээ Багахангайчууддаа илэрхийлье” хэмээлээ.

 

 

Ц.Сандаг-Очир: Олон жил яригдсан асуудлуудыг өнгөрсөн жилүүдэд шийдэж чадсан

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир Багахангай дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан “2016 онд МАН-ын ард түмний итгэлийг хүлээж, олонх болохдоо Чингис, Самурай бондын өр нэхэгдсэн хүндхэн эдийн засгийг хүлээж авч байсан. Төсөв, санхүүгийн алдагдлаас болж ард, иргэдийг туйлдуулж, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрсэн байсан. Энэ бүгдийг засахын төлөө Засгийн газар ажиллаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллалаа. Иймдээ ч эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байгаа юм. Хэдийгээр коронавирусын цар тахлын хүнд хэцүү үе тохиож байгаа ч ард иргэдээ сайн хамгаалж, улмаар бусад улс орнууд бидний туршлагыг судалж буй нь Засгийн газраас зөв бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байгаагийн илрэл. Олон жил яригдсан, хийж чадаагүй агаарын бохирдлыг бууруулах ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн Засаг дарга, Засгийн газар хамтран хийж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа. Түүнчлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замыг зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулсан үр шимийг Багануур, Багахангайчууд мөн хүртэж байна” гэдгийг онцлон хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн нээлтийн ажиллагааны үеэр Багахангай дүүргийн иргэд, сонгогчид коронавирусын цар тахлын үеийн заавар, зөвлөмжийг чанд сахиж, хоёр танхимд хуваагдан сууж, хоорондын зай болох 1.5 метрийг барьж, гараа ариутгаж, маскаа зүүн нэр дэвшигчдийнхээ хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх бодлого шийдлийг сонсож байлаа. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлсэн ч ямагт хариуцлагатай байж, эрүүл мэндийн заавар зөвлөмжийн дагуу уулзалт хийж байгааг тэд харуулж байна.

Багахангай дүүргийн иргэд, сонгогчид МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд хэлсэн үгтэй, хийсэн ажилтай, цаашид хийх ажилтай, дүүргээ, тойргоо мэддэг, төрөлх нутгийнхаа эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж, эхэлсэн ажлыг нь дуусгах итгэл хүлээлгэн багаар нь дэмжихээ хэлж байсан юм. Багахангай дүүргийн иргэн О.Хулан МАН-ын мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа 2050” хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн зорилтууд, орон сууцжуулах, дундаж орлоготой иргэдийг дэмжих зэрэг нь залуу гэр бүл бидний хувьд илүү ойр санагдаж байгаа учир эдгээр нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна гэдгээ хэлэв.

Мөн Багахангай дүүргийн иргэн А.Алтантулга “Өнгөрсөн хугацаанд боловсролын зээлийн санг байгуулж, оюутан биднийг ар гэртээ санхүүгийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж өгсөнд баярладаг” гэв. Харин Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Норжмаагийн хувьд Ахмадын өргөөг байгуулж, ахмадуудыг ая тухтай үйлчлүүлэх боломжийг өгсөнд талархлаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын Сонгуулийн штабаас бэлтгэв.



Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ