Шуурхай мэдээ



Цагаанхаданд төрийн бодлого хүргэхийн төлөө МАН-аас нэр дэвшигчдийг дэмжинэ гэлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-06 16:37
  • 0

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшигч Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нар өчигдөр (2020.06.05) Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаанхад суурьшлын бүсийн иргэд, сонгогчидтой уулзалт хийв.


Хүнд даацын ачааны машинуудаар нутгийн гүнээс нүүрс тээвэрлэн Гашуунсухайтын хилийн боомтын ойролцоох энэхүү Цагаанхад хэмээх газарт буулгаж, тэндээс дахин сэлгэн ачилт хийж БНХАУ руу тээвэрлэдэг болсоор олон жилийн нүүр үзсэн. Агаар дахь тоосжилт, нүүрсний бужигнасан тортог, шороон замаар боссон түйрэн дунд олон зуун тээвэрчин, тэдний ар гэрийнхэн аж төрдөг, сургууль соёлын газар дутмаг, нийгмийн хамгаааллаас орхигдсон, гэмт хэргийн гаралт ихтэй гээд тулгамдсан асуудал ихтэй энэхүү газарт нэр дэвшигч Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нар задгай талбайд иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.

Нэг үеэ бодвол илүү тав тухтай суурьшлын бүс болох өнгө төрх рүүгээ дөхөж байгаа энэ суурины иргэд нэлээд бухимдалтай байдаг нь тэдний ярианы өнгө байдлаас илэрхий. Корона вирусын тархалтаас улбаалан Хятадын тал хилээ хааснаас болж хязгаарлагдмал тооны машин нүүрс тээвэрлэлт хийж, олон машин, ачигч техникүүд сул зогсолт хийж, эгнүүлэн тавьсан харагдана. Талаар нэг тараан буулгадаг байсан нүүрсийг хашаалж, эмх цэгцэд оруулжээ. Дахин төлөвлөлт хийж суурины байдлыг цэгцэлсэн байна. Айлуудад өрхийн эзэмшлийн газар олгож, нэгэн жигдийн хашаатай болгохоор эхний гудамжийг тэрлэсэн байна.

Халуун нартай байсан ч иргэд задгай талбайн уулзалтад идэвхтэй оролцлоо. Нэр дэвшигчдийн намтар түүхийг танилцуулсны дараа нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нар сонгогч иргэддээ хандан үг хэллээ.

Нэр дэвшигч Н.Наранбаатар хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх олон удаагийн судалгааны дүн, иргэдээс авсан саналыг үндэслэн бид хоёрыг Өмнөговь аймагт итгэл үзүүлэн нэр дэвшүүлллээ. Намын даалгавар, сонгогчдын итгэлээр бид хоёр нэр дэвшлээ. Ёс зүй, ажлын дадлага туршлага, мэдлэг боловсролыг нь харгалзан МАН нэр дэвшигчдээ тодруулсан. Би 2016 онд аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын дарга Х.Сугирын хамт Цагаанхаданд ирж иргэдтэй уулзаж байлаа. Гэрэл цахилгаантай болмоор байна. Газраа эзэмшмээр байна. Газар эзэмших гэрчилгээ авч албан ёсоор барилга байшин баримаар байна гэсэн олон санал гарч байсан. 2017 оноос энэ хавийн суурьшлын төслийн ажлыг хийсэн. Саяхнаас төлөвлөлтийн ажил эхэллээ. Зураг төсөл, газар зохион байгуулалт зэрэг ажил хийсээр өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос ажлаа эхэлсэн.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хилийн боомтыг дахин төлөвлөх ажил эхэллээ. Харин корона вирусийн халдвараас шалтгаалан ажил түр зогсоод байна. Хайрхан багийн хуучирч муудсан гурван байшинг засаж, уурын зуух барьж, худаг ус гаргасан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баянннуур, Өмнөговь аймгийн хоорондын гэрээгээр 24 айлын орон сууц барих ажил төлөвлөгдсөн, корона вирусийн улмаас хилийн хорио тогтоогдож түр саатаад байна. Хайрхан багт 50 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа, энэ онд багтаж ашиглалтад орно. Гэрэл, цахилгааны үзүүр орж ирж байна. Төв рүү холбох ажил хорио цээр тавигдахаар хийгдэнэ. Тэр үеэр Цагаанхадны гэр хороолол, үйлчилгээний хэсэг удахгүй гэрэл цахилгаанд холбогдоно. Газар олголтыг Ханбогд сумын Засаг дарга шийднэ. Өнгөрсөн дөрвөн жилд аймгийн төв, суурьшлын зарим хэсгүүдэд газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж, хот суурины өнгө төрх эрс сайжирч байгаа.

Цагаанхадны суурьшлын бүсэд ч дахин төлөвлөлт хийнэ. Энд 1992 оноос хүмүүс ирж суурьшиж, дур зоргоороо төвхнөж замбараагүй байдал үүссэн. Энэ бүхнийг эмхэлж цэгцэлж байна, цаашдаа ч хийх ажил их бий. Халдварын хорио цээр тавигдахаар саатаад байгаа ажил үргэлжилж гэрэл цахилгаантай холбогдоно.

Дэлхийн стандарт, олон улсын жишигтэй боомт болж зөвхөн нүүрс биш, бусад бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг болно. Хилийн хяналт, мал эмнэлэг, хорио цээр гээд мэргэжлийн байгууллагуудтай болно. Цагаанхад, Гашуунсухайт боомт хотын хэмжээнд хүрнэ. Төмөр зам ирнэ. Ачаа ачих, буулгах терминал барина. Тавдугаар сарын 25-наас Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт үйлчилж, Ханбогд суманд эмч, сувилагч нэмэх, төрийн албыг чанаржуулах боломж нээгдэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амжилттай хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид үргэлжлүүлэхийн тулд бид ялах ёстой. Бидэнд дээд түвшинд очиж хийх ажил их байна. Нэр дэвшигч Х.Мандахбаяр бид хоёрыг багаар нь дэмжээрэй” гэлээ.

Нэр дэвшигч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Би 22 жилийн турш бизнесийн, тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарт ажилласан. Хэвлэл, мэдээллийн салбар нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг, нөгөө талаас мөн бизнесийн байгууллага юм.

Би Цагаанхадыг сайн мэднэ. “Цагаан хадны бараан амьдрал” нэвтрүүлэг, “Хаягдсан Хайрхан баг” сурвалжлага хийж байсан. Цуврал сурвалжлага бэлтгэж цацаж байсан. 21 аймгаас амьдрал хөөж энд ирсэн хүмүүс эвээ хичээж, чармайж, Цагаанхаданд бизнесээ авч явж байна. Одоо гэрэл, цахилгаан орж ирж байна. Суурьшлын газар олгоод эхэллээ. Авто засвар, дугуй засвар, бусад бизнесийнхний байр байшингийн дорх газрыг эзэмшилд олгож эхэлсэн нь аймаг, сумын Засаг дарга нарын хүчин чармайлтын үр дүн юм.

Хэдийгээр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар МАН-ын, Ханбогд сумын Засаг дарга н.Эрдэнэжаргал АН-ын гишүүн боловч сум, боомтыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж ирсэн. Шийдэгдээгүй байсан олон асуудлын шийдлийг олж байна. Орон нутагт орон сууц нэмэгдүүлэх асуудлыг МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан. Цогтцэцийд тээвэр, ложистикийн ажил хийгдэнэ. 1-2 настай хүүхдийн яслийг сэргээн байгуулах ажлыг мөрийн хөтөлбөрт тусгаад байна. Хэрэв Н.Наранбаатар бид хоёрт итгэл өгч сонговол бид хүчээ нэгтгэн хамтран ажиллах боломж бүрдэнэ. Хамтран нэгдэж, хамтран хөгжиж, гар нийлэн ажиллах боломжтой.

Цагаанхаданд ус, цахилгаан, тоосжилт гээд олон асуудал бий. Нүүрсний агуулахуудын цардмал талбайг нэмэгдүүлснээр тоосжилтыг бууруулна. Авто замыг хатуу хучилттай болгох зэргээр орчин нөхцөл сайжирна. Цагаанхаданд бизнесийн орчин тэлэх боломжтой. Нүүрсний тээвэрлэлт нэмэгдэнэ. Төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлээд ирэхээр иргэд амьдралаа сайжруулаад аваад явна. Инкубатор үйлчилгээ үзүүлж, ЖДҮ-ийг дэмжих боломжтой. Бизнес эрхлэх орчинг нь бүрдүүлбэл иргэд өөрсдөө төрийн оролцоогүй хөгжих боломж бий.

Би бизнесийн ажлын жаргал, зовлонг мэднэ. Инкубаторын төвийг Цогтцэций, Ханбогд, Цагаанхаданд байгуулах боломжтой” хэмээгээд хариуцлагатай уул уурхайн төлөө, хариуцлагагүй, хууль бус уул уурхайг эсэргүцэх чиглэлд хийсэн ажлаасаа танилцуулж, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой, Энержи ресурсээ ажиллуулах ёстой.

Цагаанхаданд одоо төрийн бодлого орж ирэх ёстой. Хариуцлагатай уул уурхай, тээвэрчдийн асуудлыг төрийн бодлогоор дэмжих ёстой.

Газар шорооныхоо төлөө парламентын гаднаас тэмцэж, шийдэлд хүргэж болсон юм чинь дотроос нь илүү эрх мэдэлтэйгээр дуугарах боломж нэмэгдэнэ” гээд МАН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс танилцууллаа.

 

Үүний дараа иргэд нэр дэвшигчдэдээ хандан үг хэллээ.

 

Иргэн Саарал:

-Тээвэрчдийн эрх ашгийг хангах талаар ярьж хэлсэн хоёр нэр дэвшигчид баярлалаа. Цагаанхад сүүлийн үед өнгө засч, олон жилийн хур хогоосоо саллаа. Хог ачдаг ковштой боллоо. Та нар маань тээвэрчдээ дэмжээрэй. Энэ олон хүмүүсийн эрх ашгийг хангахын төлөө ажиллаарай.

Т.Баярхүү:

-21 аймгийн 14 мянган тээвэрчин залуус энд ажиллаж амьдардаг. Олон өрх айл эндээс амьжиргаагаа залгуулж байна. Олон асуудлыг аймгаас шийдвэрлэсний хамгийн гол нь Гашуунсухайтын зам болж байна. Боомтод  Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулна гэсэн. Хоёр нэр дэвшигч сонгогдвол үүнд анхаарч өгөөрэй. Х.Мандахбаяр сэтгүүлч газар шорооныхоо төлөө тэмцдэг хүн. Сонгогдвол хууль эрх зүйн хүрээнд үргэлжлүүлээрэй. Татварын буруу тогтолцооноос болж нүүрс тээвэрлэлтээс асар их мөнгө Хятадын талд үлдэж байна. Төрийн бодлогын энэ алдааг засаарай.

Ганхуяг:

-Хоёр нэр дэвшигчийг удам судраар нь мэднэ. Хэлсэн үгэндээ эзэн болж явцгаагаарай.

Батдэлгэр: 

-1992 онд гүний гааль байгуулагдсан цагаас бизнес хийж, 2012 оноос тээврийн компанитай ажиллаж байна. Манай Цагаанхадны иргэд хувьдаа газар авах болохоор олноор цуглардаг, хог шороогоо цэвэрлэх, орчноо тохижуулах болохоор хөдөлдөггүй. Цаашид ингэж таарахгүй. Газар олголт их, бага тэнцвэргүй болсон. Газар зохион байгуулалтынхан үүнд анхаараарай.

Энд залуучуудад зориулсан соёл, спортын төв хэрэгтэй байна. Тээвэрчид нэг нэгнээ танихгүй байна. Тэднийг нэгтгэн үйл ажиллагаа явуулах газар, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хэрэгтэй байна.
 

Н.Цэндээхүү:

-Цагаанхаданд дахин төлөвлөлт хийж, цэгцэлж байгаад баяртай байна. Газар эзэмших эрхээ саяхан гартаа авцгааж баяртай байна. Нэр дэвшигчдээ дэмжинэ.

Мягмар:

-Газар олголт маш шахуу, давчуу байна. Галын аюул гарах эрсдэлтэй. Үүнд анхаараарай. Н.Наранбаатар дарга сайн ажиллаж байгаа. Х.Мандахбаяр сэтгүүлч газар шорооныхоо төлөө тэмцдэг хүн. Дэмжинэ.

Э.Долгион:

-Нутгийн хоёр ахдаа амжилт хүсье. Цагаанхаданд онцгой байдлын салбар байх ёстой. Түргэн тусламж, улсын эмнэлгийн салбар хэрэгтэй. Эдгээрт анхаараарай.

Ханбогд сумын Засаг дарга Эрдэнэжаргал:

-Цагаанхадны иргэдээс газрын асуудлаар 82 иргэний өргөдөл авсан. Энд суурьшлын бүстэй болголоо. Суманд “Баянзам” ФМ радио ажиллаж соён гэгээрүүлэх ажил хийж байна. Соёл, спортын газартай болно. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай болголоо. Уулзалт хийж байгаа энэ газар тээврийн авто вокзал болно. Амжилтын төлөө хамтдаа зүтгэе гэлээ.

Ачаа тээвэрлэлтийн байдал, БНХАУ руу хийх тээвэр хязгаартай байгаа гэх зэрэг олон асуудлыг иргэд хөндөн ярилаа. Цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн хугацаа дуусахаар тээвэрлэлт хэвийн горимдоо орно гэдгийг нэр дэвшигчид хэлж байв.

Цагаанхаданд төрийн бодлогыг хүргэхийн төлөө Өмнөговь аймагт нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нарыг дэмжиж сонгохоо нутгийн иргэд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Эх сурвалж | УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч  Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарын сонгууль эрхэлсэн байгууллага



Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ