Шуурхай мэдээ



Х.Мандахбаяр: Бид хоёр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийн талд бат зогсоно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-06 21:23
  • 0

Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Хархүүгийн Мандахбаяр, Нанзадын Наранбаатар нар өчигдөр (2020.06.05) Баян-Овоо сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтан дээр нэр дэвшигч Хархүүгийн Мандахбаярын хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. 

 Нэр дэвшигч Х.Мандахбаяр үгийнхээ эхэнд “Баян-Овоо сум олон алдартны өлгий нутаг. Өнөөдөр ард иргэдийнхээ сонголтыг итгэл, зүтгэлээр хариулж, ажил үйлсээрээ шалгарсан идэр залуу Засаг даргатайгаа, анд нөхөртэйгөө хамтдаа нэр дэвшээд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Н.Наранбаатар дарга маань аймаг, орон нутгийнхаа ажлыг олон жил хийж, төрийн хүн болж төлөвшсөн, нэр цэвэр, үеийн анд нөхөр минь юм. Монгол Улсын начин, соёлын гавьяат зүтгэлтэн, “Тэнгэрийн дуу хоолой” хэмээх А.Ганбаатар агсны нутагт ирсэндээ баяртай байна. Би энэ хүнийг дурсаж ярих учиртай юм. 2002 онд миний бие 24 настай, “Эрхэт Монгол групп” гээд компаниа дөнгөж байгуулчихсан, “Зиндаа” сониноо байгуулаад 2004 онд хоёр дахь жилдээ л ажиллаж байсан юм даа. Тэр үед А.Ганбаатар ах маань над дээр хүрч ирж Энхтуяаг маань дэмжээч ээ, компанийнхаа бөх болгоод аваад яв гэж байлаа. 2004 оноос манай компанийн бөх болж, сайхан нөхөрлөж явжээ. Ингэж залуучуудыг хооронд нь уулзуулж, холбож, нөхөрлүүлдэг хүн байлаа. Монгол Улсын ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийн бас өлгий нутаг. Миний аавын унаган багийн найз. Бага байхад Ц.Цэрэндорж гуай манайд ирж аавтай тоглож, ярилцдаг байлаа. Аав маань Эрэнжидийн Хархүү гэж багш, яруу найрагч хүн” хэмээн хуучиллаа.
 

Мөн тэрбээр “Х.Мандахбаяр гэдэг хүний нэр гарахаар хүмүүст нутгийнхаа төлөө,  хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэгч гэсэн төрх буудаг юм байна. Тийм болохоор үүнээс эхэлж товчхон ярья гэж бодлоо. Аавын минь шүлгүүд эх нутгаа, хөдөөгийн амьдралыг магтан дуулсан, байгаль хамгаалахыг уриалсан байдаг. Түүнийг нь би багаасаа уншиж, анхны сонсогч нь байж өссөн хүн. Ингэж яруу найрагч, сэтгүүлчийн гэр бүлд өссөн хүүхэд болохоор хар багаас эх орон, байгаль дэлхий, нутаг орноо гэсэн сэтгэл кодлогдож үлдсэн байдаг юм байна. Тиймээс өөрийн эрхгүй л хариуцлагатай уул уурхай, байгаль хамгаалах ажил руу орчихсон юм. Миний аав жишээлбэл, хар сүүлт зээрний тухай

 “Хөөрхий би хар сүүлт

  Хөрстөд ховорхон амьтдын сүүлч

 Хурдан унааны өмнө хөл минь тавхан алхмын зайтай юм шүү

 Хурц зэвсгийн өмнө амь минь тавхан хормын настай юм шүү” гэж бичиж байлаа шүү дээ. Би ийм шүлэг уншиж өссөн. Тийм болохоор байгаль хамгаалах гэдэг бол ааваас минь өвлөгдсөн зүйл юм.

2017 онд төрсөн нутагтаа ирж аймгийн намын хорооны дэд даргаар ажилласан. Тэр үед намын ажлаар голдуу сумдаар явж иргэдтэй уулздаг байлаа. Тэгэхэд ялангуяа ахмадууд “Аав чинь сэтгүүлч, чи өөрөө сэтгүүлч хүн. Энэ Тост, Тосон бумба руу анхаарахгүй бол ер нь тавиад туучихаж байх шиг байна” гэж байлаа. Тэгээд би өөрөө очиж үзэж, “Тосон бумбын нулимс” гэдэг нэвтрүүлэг хийсэн. Гэтэл телевизүүд авдаггүй, цацдаггүй. Тэгэхээр нь сошиалд тавьсан. Түүнээс гурав хоногийн дараа Номгон суманд уулзалт хийж явж байгаад тагнуулын байгууллагынханд баригдаад гурав хоног Ганц худагт хоригдсон. Надад ямар ч хамаагүй хэрэг тулгаад, хүчээр хорьчихдог юм билээ. Хоёр сар гаруй шалгагдсан. Ерөнхийлөгчийн сонгууль болж байсан учраас тэр үед азаар гэдэг юм уу тэр хэрэг хэрэгсэхгүй болж байлаа. Тэндээс нэг зүйл ойлгосон. Би зүгээр сэтгүүлчийн ажлаа хийгээд бичээд явж байдаг зүйлээс өөр юм руу орчихсон юм байна. Тэс өөр менежментээр илүү их ухаан гаргаж, хэрсүү тэмцэхгүй бол аймшигтай их эрх мэдэлтэй, юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй тулсан юм байна гэдгээ ойлгосон. Ингээд үүний ард заавал гарна даа гэсэн шазруун зан ч хөдөлсөн. Асар олон үйл ажиллагааны үр дүнд өмнөговьчууд та бүгдтэйгээ ямар ч байсан нутгаа хамгаалж үлдсэн. Та бүгдэд баяр хүргэх ёстой. Энэ тэмцэл жишиг тэмцэл байсан. Жишиг шийдвэр гарсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёс байгаа юм байна гэдгийг иргэддээ харуулсан. Хууль зөрччихсөн байсан учраас тэр компанийн лиценз цуцлагдаж байгаа юм. Хэрвээ хууль зөрчөөгүй Тавантолгой шиг ажиллаж байсан бол юу ярих вэ дээ, тийм биз. Тийм болохоор бид хоёр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцлийн багт багтаж, нэр дэвшиж байгаадаа баяртай байгаа” гэж байлаа.
 

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссан асуудлуудыг уншиж танилцуулсан юм. Тухайлбал, “Мөрийн хөтөлбөрт говийн гүний усыг уул уурхайд ашиглахыг зогсоох Орхон говь төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Гарааны бизнесийг дэмжих, Ногоон хөгжлийг хөгжүүлэх бүлэг орсон. Энэ мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө бид хоёр хамаг хүчээ дайчилж ажиллана” гэж байв. Мөн “Надаас хүмүүс чиний гол өрсөлдөгч чинь хэн юм бэ гэж их асууж байна. Насаар хамгийн бага залуу болохоор тэгж асууж байгаа байж магадгүй. Н.Наранбаатар бид хоёр  бол нэг нь 46, нөгөө нь 42 настай ивээл жилтэй хоёр юм шүү дээ. Бидний үйлс зорилго нэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргын тэр өөрсдийн мөнгө, бизнесийн төлөө увайгүйгээр төр рүү дайрдаг олигархиудын үйлдлийг таслан зогсоох гэсэн шударга үнэний тэмцэлд нь бид хоёр цучил нэмнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талд урваж, зугтахгүй бат зогсоно гэдгээ хэлье. Бусад намаас нутгийн сайхан ах нар маань нэр дэвшиж байгаа. Тэднийг өрсөлдөгч гэж хараад нүд үзүүрлээд байх юм бид хоёрт байхгүй. Өмнөговьчуудад ерөөсөө нэг өрсөлдөгч л бий. Бидний нутгийн баялаг руу, та бидний газар руу зөвхөн мөнгө бодож шунаж байгаа, хуульгүйгээр дайрч байгаа тэр олигархиудтай бид өрсөлдөх ёстой шүү дээ. Говийн ард түмэнтэйгээ нийлж тэднийг ялна гэдэгтээ би итгэлтэй байгаа. Тосон бумбыг ухдаг тийм хүмүүсийг дахиж нутаг руугаа алхуулахгүй. Тэр нүүрс тээвэр хууль бусаар хийж, олон салаа зам гаргаж, нутаг орон сүйтгэдэг хүмүүсийг дахиж нааш нь алхуулахгүй. Цагаан дэлийн боомтыг нээвэл зам дагуу нь 18 уурхай шинээр нээгдэнэ. Хятад талаасаа том лоббигоор хийх гээд байгаа ажил байхгүй юу. Бидэнд хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө Тавантолгой, Оюутолгой гээд стратегийн ордуудад маань байна. Бусад жижиг уурхайнуудыг ашиглаж байгаль экологио сүйтгэх ямар хэрэгтэй юм. Тийм учраас Цагаан дэл уулын боомтыг нээх гэж зүтгэж байгаа хүмүүсийн ажиллагааг таслан зогсоох дээр хатуу зогсоно. Би энэ газар шороо, эх нутгийнхаа төлөөх тэмцлийг гаднаас нь нутгийнхантайгаа хамт хийгээд болоод байсан юм. Тэр парламентад очоод УИХ-ын индэр дээрээс дуугарах юм бол илүү том шийдвэр гаргуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Үүний төлөө зорино. Эцэст нь хэлэхэд хариуцлагатай уул уурхайг өмнөговьчуудтайгаа нийлж дэмжинэ. Хамгийн гол нь нутаг орон, иргэддээ өгөөжтэй байдаг, айлын хаалгаар мөнгө нь давдаг, хүний хэтэвчинд бодитой орлого ордог бодлогын төлөө хоёр хүү, хоёр дүү, хоёр ах нь анхаарч ажиллана” гэсэн юм.

Үүний дараа Баян-Овоо сумын иргэдийн төлөөлөл болсон олон хүн эрч хүчтэй, шударга, нэр цэвэр, нутгийн хоёр залуугаа багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлж, амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.
 

Эх сурвалж | УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч  Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарын сонгууль эрхэлсэн байгууллага



Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ