Шуурхай мэдээ



ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очир агсаны нэрэмжит болголоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-21 12:10
  • 0

НАХЯ-ны Намын хорооны товчооны 1970 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар ахмад албан хаагчдынхаа талаар авч хэлэлцэн тогтоол гаргаж Намын хорооны дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөл” байгуулснаар одоогийн “Тагнуулын төв байгууллагын ахмадын холбоо”-ны үндэс суурь тавигджээ. Тагнуулын төв байгууллагын Ахмадын холбооны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очир агсаны нэрэмжит болгох ажлыг “Тагнуулын төв байгууллагын ахмадын холбоо”, “Монголын тагнуулын байгууллагын хурандаа нарын холбоо”-ноос санаачлан хэрэгжүүлсэн юм.

Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газар, “Тагнуулын төв байгууллагын ахмадын холбоо”, Ховд аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны 84 дүгээр тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очир агсаны нэрэмжит болгосон бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ТЕГ-ын Ховд аймаг дахь газарт Цэгмэдийн Төмөр-Очир агсаны цээж баримлыг хүндэтгэн залж, түүний нэрэмжит алдрын танхимыг нээх ёслолын арга хэмжээ болов. Уг арга хэмжээнд Ц.Төмөр-Очир агсны гэр бүл, үр хүүхдүүд, ТЕГ-ын удирдлагын төлөөлөл, аймгийн төр, захиргааны болон бусад байгууллагын төлөөлөл, “Тагнуулын төв байгууллагын ахмадын холбоо”, “Монголын тагнуулын байгууллагын хурандаа нарын холбоо”-ны төлөөлөл оролцлоо.


Цэгмэдийн Төмөр-Очир нь 1922 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төрсөн. 1941-1980 он хүртэл тагнуулын байгууллагад төлөөлөгч, тасаг, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн юм.

Цэгмэдийн Төмөр-Очир нь цаг үеийн нөхцөл байдлыг бодитой үнэлэн өөрийн  хамт олныг зөв зохион байгуулж, Монгол Улсын гадаад байдал, хил залгаа болон бусад орноос манай улсын талаар баримталж буй бодлого, тусгай албадын талаар мэдээ олох, тэдгээрээс явуулж буй үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсооход чиглэгдсэн тагнуулын олон арга хэмжээг удирдан ажиллаж байжээ. Тэрээр 1940-өөд оны үед Өмнөговь, Ховд аймаг дахь тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Япон, Гоминданы зүгээс явуулж байсан тагнан турших, өдөөн хатгах зэрэг дайсагнасан ажиллагааны эсрэг тасаг, хэлтсийн бие бүрэлдэхүүн, нутгийн ардуудын хүчийг зөв зохион байгуулж ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байжээ. Тухайлбал, баруун хязгаарт аюул занал учруулж байсан И.Оспаны талаар тагнуулын шугамаар мэдээ, мэдээлэл цуглуулж, түүнийг устгахаар Ховд аймагт ажиллаж байсан хошууч генерал Б.Доржоор удирдуулсан ДЯЯ-ны тусгай групптэй үйл ажиллагаагаа уялдуулан үүргээ биелүүлэхэд нь биечлэн тусалж байжээ. Ховд аймгийн Булган суманд 1947 онд үүрэг гүйцэтгэж байсан тусгай группийн ажилтнуудаас олзлох зорилгоор хил нэвтэрсэн гадны дээрэмчдийн үйлдлийг тусгай группийн дарга Э.Гэрэлчулууны хамт илрүүлэн таслан зогсоож байжээ.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн түүний гавьяа зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор тус тус шагнаж, 1972 онд Гавьяат хуульч цол хүртээжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ