Шуурхай мэдээ



0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг гэрээсээ ажиллах боломжоор хангана



Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.

 Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

 Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс,  Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв. Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм.

 "Тавантолгой дулааны станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

"Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа. Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

 Товч мэдээ

-       Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 60 айлын орон сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн /ХЗДХЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тав, ОБЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг/ нийт зургаан айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтан, албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар болов.

-       Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн архивын ажилтанд 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох журмыг батлав. Энэ жил улсын хэмжээнд 33, ирэх жил гурван ажилтан урамшуулал авахаар байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ