Шуурхай мэдээ



Монгол, Оросын залуучуудын уулзалт болов



ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Оросын Хүүхэд, залуучуудын төрийн бус байгууллагуудын Үндэсний зөвлөл, Оросын Технологийн “МИРЭА” их сургууль хамтран 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан Монгол, Оросын залуучуудын уулзалтын нэгдсэн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа эчнээгээр оролцож үг хэлэв.

ОХУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон билээ. Хоёр орны хооронд 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан  Найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээ нь талуудын албан ёсны харилцааны үндсийг тавьсан төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолыг  баталгаажуулсан гэдгийг Элчин сайд Д.Даваа үгэндээ тэмдэглээд Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах, дэлхийн тэргүүлэх гүрнүүд манай орныг туурга тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөх, улмаар дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж Нэгдсэн Үндэсний байгууллагад  элсэх зэрэгт болон манай орны хөгжил дэвшилд ОХУ маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм хэмээн онцлов.

Элчин сайд Д.Даваа цааш нь хоёр орны харилцааны өнөөгийн түвшин, хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар нэгтгэн тэмдэглээд Монгол Улс, ОХУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтын талаар дэлгэрэнгүй дурдав.

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хоёр орны залуучуудын энэхүү уулзалтад Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй Монголын төрийн болон залуучуудын олон нийтийн байгууллагуудын 30 гаруй (Оросын талаас мөн тооны, нийтдээ 70 гаруй) төлөөлөгчид оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр суурь, санал бодлоо илэрхийлэв.

Нэгдсэн хуралдааны дараа Монгол, Оросын залуучуудын байгууллагуудын төлөөлөгчдийн дугуй ширээний цахим уулзалт болсон бөгөөд тэд 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, хамтын ажиллагааны “газрын зураглал” гаргахаар тогтсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ