Шуурхай мэдээ



Хачирхалтай бөгөөд алдартай фото зургийн түүх №1


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-01-20 11:37
  • 0

 Дэлхийн хаа нэгтээ өдөр бүр авч буй олон сая зургуудын заримыг нь бид хараад төсөөллийн агуу ертөнцөд умбадаг. Ингээд хамгийн их алдаршсан зарим зургуудын түүхээс  цувралаар сонирхуулахыг зорилоо.

1972 оны зургаадугаар сарын 8-нд Өмнөд Вьетнамын агаарын цэргийн хүчнийхэн напалм /шатаж тэсрэх бодисны холимог/ бүхий ачааг Сайгоноос баруун хойд зүгт 25 км байрлах тосгон дээр унагах үед  Ассошэйтед Пресс-ийн фото зурагчин Ник Ут тэнд байж таарчээ. Цус асгаруулсан үйлдлийн зургийг авч байсан вьетнам зурагчин эр замаар орилолдон гүйж буй хүмүүс дунд нэгэн шалдан охин гүйж явахыг харав. Яагаад тэр шалдан байгаа юм бол хэмээн ихэд гайхан, дараа нь харин ойлгов, тэр охин дээр напалм бууж таарчээ. “Би ус аваад түүний бие дээр асгасан, тэр “аймшигтай халуун байна” хэмээн орилсоор байсан” хэмээн зурагчин дурссан байна.

Ут охиныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн 30% түлэгдсэн, гуравдугаар түвшний маш хүнд түлэгдэлт байсан учраас хамтрагчдынхаа тусламжтайгаар түүнийг америкчуудын эмчилгээний байгууллагад хүргэн амийг нь аварч чаджээ.

Зөрчил мөргөлдөөний хорт уршиг дагаврыг тодорхой харуулсан Ут-ын энэхүү зураг нь хүүхдийн нүцгэн биеийг гаргасан гэдгээр хэвлэлийн редакцууд дээр мэтгэлцээнийг үүсгэж байсан аж. Энэ зураг Вьетнамын  дайны араатан мэт харгислалыг дүрсэлснээрээ удалгүй алдаршин, тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Ричард Никсоны анхаарлыг хүртэл татаж чаджээ.

1973 онд фото зурагчин Ник Ут  Пулитцерийн шагнал хүртэн, Америк дайнд оролцохоо зогсоосон аж.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ