Шуурхай мэдээ



Б.ОНОН: Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан



Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нь шинэ технологи, шинэлэг мэс заслын аргуудыг нутагшуул. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс засал судлалын тасгийн их эмч, АУ-ы Магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Ононтой ярилцлаа. Тэрээр УХТЭ-т мэс заслын эмчээр 16 дахь жилдээ ажиллаж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай баг хүний биеийн жингийн индексийг буруулах мэс заслыг нутагшуулсан. Энэ талаар яриагаа эхэлье.

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. УХТЭ нь хоол боловсруулах замын эзлэхүүнийг багасгах, чиглэлийг өөрчлөх замаар хүний биеийн жинг багасгах мэс заслыг хийгээд найман жил болж байна. Анх 2012 онд УХТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч Ц.Нармандах, тасгийн эрхлэгч н.Алтанчимэг болон миний бие дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүнийг багасгасан мэс заслыг хийсэн. Түүнээс хойш Монголдоо нутагшуулах зорилго тавин Францын Страсбург хотод дурангийн мэс заслын сургалтанд сууж, тэндээсээ ОУ-ын бареатикийн мэс заслын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоон, Монгол хүний биеийн жингийн индекс болон бусад нөхцөл байдлуудыг тайлбарлаж, Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Бид энэхүү дурангийн мэс заслыг зөвхөн биеийн жинг бууруулах зорилгоор хийдэг байсан бол өнөөдөр хоёрдугаар хэлбэрийн сахарын өвчин, өвдөгний үе солих шаардлагатай үед, жингийн илүүдлээс болон бусад шалтгаанаар үүссэн нурууны суултыг эмчлэх зорилгоор гэх мэт олон тохиолдлуудад биеийн жинг нь багасгаж, хэвийн хэмжээнд хүргэж урьтал болон үндсэн өвчний эсрэг хийдэг болсон. Дэлхий нийтэд бареатикийн мэс заслын олон аргууд байдаг бөгөөд бид энэ төрлийн оношинд багтах 13 төрлийн мэс заслыг хийж байна.

-Ходоодны эзэлхүүнийг багасгахад баллон суулгах мэс заслын бас нэг арга байдаг шүү дээ. Энэ тухайд?

-Орчин үед хүмүүс түргэн хоол, элдэв төрлийн амттаныг их хэмжээгээр амтархан иддэг болж, нийгэм хөгжихийн хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон технологиуд нь ажил амьдралын хэмнэлд нөлөөлж хөдөлгөөний дутагдлыг бий болгосноор таргалалт нь тамхины дараа ордог ХОРТ ЗУРШИЛ болсон байна.
Судалгаагаар дэлхийн нийт хүн амын 2,4 тэрбум хүн таргалалттай, 1,6 тэрбум хүн хэт таргалалттай байна. Таргалалт нь улам залуужин хүүхдүүд хүртэл энэ өвчинд өртөж байна. Үүнтэй зэрэгцэн биеийн жинг багасгах олон тооны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон мэс заслын олон аргууд бий болж өдөр тутамдаа хөгжсөөр байна. Үүний нэг нь ходоодонд баллон буюу гадны биет тавих мэс засал бөгөөд энэ нь үндсэн мэс заслын аргаар хийгддэг ходоодны чиглэлийг өөрчлөн эзлэхүүнийг нь багасгах мэс заслын аргыг бодвол үр дүн муутай нь туршилтаар ажиглагдсан. Гадны биет суулгах нь харьцангуй зовуур багатай ч дахин таргалуулах магадлалтай байдаг тул өвчтөнд тэр бүр санал болгодоггүй. Харин дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг илүүтэйгээр санал болгож байгаа бөгөөд тус мэс засал ч үр дүн өндөртэй, амжилттай болж байгаа.

-Энэхүү мэс заслыг эмнэлгийн практикт хэрэглээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-Уг мэс заслын аргыг нэгэн санамсаргүй тохиолдол дээрээс мэдсэн байдаг. 1974 онд Францын Montpellier их сургуульд хэвлийн мэс засал хийгдэж байхад тухайн өвчтөний бие махбодид хүндрэл гарч яаралтай хагалгааг дуусгах хэрэгтэй болсон. Тухайн үед ходоодыг тайрж, эзэлхүүнийг багасгасан хэмжээгээр хагалгааг дуусгасан юм. Хүний биед хорт бодис шимэгдэж задрах хугацаа гэж байдаг, энэ хугацаанаас хамаарахгүйгээр өлсөлт, ядралт мэдрэгдэхгүйгээр биеийн жин нь гайхалтайгаар буурч эхэлсэн. Энэ мэс заслын үр дүнг үргэлжлүүлэн судалснаар ходоодны эзэлхүүнийг багасгах мэс заслын аргын үндэс нь тавигдсан. Ходоодны эзэлхүүнийг багасгахаар хүн бага иддэг болчихдог. Бага идэхээр жин буурна.

Ер нь хүний биед жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт хоол боловсруулахад оролцдог ферментүүд нь их хоолыг бүтэн задалж чаддаггүй. Хоёрдугаарт чихэрлэг зүйл, архи, дарс, өөх тостой хоол ихээр идээд байвал ходоод илүүдэл хоолыг боловсруулж чадахгүйн улмаас өөхөн эс нь хэмжээгээрээ томорч, гаднаа устай болж хөөдөг. Үүнээс гадна их хэмжээний хоолыг задлах зорилгоор нойр булчирхайнаас маш их хэмжээний инсулин ялгардаг бөгөөд үүнээс сахарын өвчин үүсдэг.

Европын орнуудад 1970-аад оны эхнээс энэ мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй. АНУ-д түргэн хоол болон хөдөлгөөний дутагдлаас үүдсэн таргалалт маш их учраас энэ мэс заслын аргыг түгээмэл хэрэглэх болсон бөгөөд цаашлаад Азын орнууд ч энэхүү мэс заслын аргыг өдөр тутамдаа хэрэглэх болсон. Монголчууд маань ч сүүлийн жилүүдэд түргэн хоол ихээр хэрэглэж, өвөл зунгүй мах, гурил ихээр хэрэглэдэг болсноос үүдэн таргалалтын өвчлөлүүд нэмэгдсэн. Манай улсын хувьд анх 2005 оны эхээр ХСҮТ-ийн Я.Эрдэнэ-Очир эмчээр ахлуулсан баг нээлттэй аргаар цөөн тоогоор ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг хийж эхлүүлсэн байдаг. Бидний хувьд 2012 онд дурангийн мэс заслын аргаар хийж нутагшуулсан.

-Та бүхэн өнөөдрийн байдлаар нийт хичнээн хүнд уг мэс заслыг хийсэн бэ? Хүндрэлүүд байв уу?

- Бидний хувьд дурангийн мэс заслын аргаар 2012 оноос хойш 300 орчим мэс заслыг хийсэн байна. Хагалгааны үед хүндрэл гарах тохиолдлууд байсан ч засаж болох, олон улсын практикт тулгардаг хүндрэлүүд байсан. Мэс заслын үеийн хүндрэлийг бууруулахын тулд бэлтгэл ажлууд чухал нөлөөтэй. Үүнд өвчтөны бие болон сэтгэл зүйг нь бэлтгэх мөн өндөр өртөг бүхий эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүд сайжирсантай холбоотойгоор мэс заслын хүндрэл төдий хэмжээгээр багасаж , хяналт сайжран өдрөөс өдөрт хөгжсөөр байна.

-Уг мэс заслыг хийлгэхэд эсрэг заалт болон насны хязгаар бий юу?

-“Би бүдүүн байна хагалгаанд ороод туранхай болчихъё” гэж бодож эмнэлэгт хандвал их том алдаа болно. Биеийн жингийн индекс /БЖИ/ нь 25-аас дээш, дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмээр турж чадахгүй, хоолны дэглэм болон бусад аргаар турсан ч буцаад таргалах, энэ нь нэг жилийн хугацаанд хоёроос дээш удаа давтагдсан бол тус мэс заслын аргыг санал болгодог. Мөн чихрийн шижин өвчин хүндэрсэн, жин ихтэй өвчтөнүүдэд санал болгодог.
Насны хувьд манай эмнэлэг нь насанд хүрэгчдийн эмнэлэг тул хүүхдэд хийдэггүй. Хамгийн өндөр настай нэг тохиолдлыг дурдвал 76 настай эмэгтэй байсан. Шалтгаан нь өвдөгний үе солиулах зайлшгүй шаардлагатай болсон хэдий ч өвчтөн маань хэт таргалалттай, биеийн жин, сахар нь буурахгүй байсан. Өвчтөн 158 см өндөртэй, 110 кг жинтэй байхад нь мэс заслыг хийж 70 кг болтол биеийн жинг нь багасгаж, өвдөгний үе солих мэс засалдаа амжилттай орсон бөгөөд одоо өвчтөний биеийн жин нь 62-65 кг ийн хооронд хэлбэлздэг. Хөдөлгөөний хурд, явдал нь сайжирсан.

-Энэ төрлийн мэс засалд орсон хүмүүс хэр хугацаанд эмчийн хяналтанд байдаг вэ?

-Манай эмнэлгийн хувьд бареатикийн мэс заслын багтай. Багийн эмч нар тухайн өвчтөнд мэс заслын өмнө шаардлагатай зохих ёсны шинжилгээнүүдийг бүрдүүлж, мэс заслын өмнө өвчтөнг 21 хоногоос гурван сарын хугацаанд хяналтанд байлгадаг. Энэ хугацаанд мэс заслын өмнөх хоол зүйн зөвлөмж, зааравчилгаа, дасгал хөдөлгөөн хийлгэж өвчтөнтэй долоо хоног бүр тогтсон цагт уулзаж, биеийн бүтцийг тусгай зориулалтын аппаратаар хянадаг. Өвчтөн тухайн багийн заавар зөвлөгөөг биелүүлж чадахгүй байвал хяналтын хугацааг нь 7, 7 хоногоор сунгадаг. Тухайн хүний бие болон сэтгэл зүй хэзээ бэлэн болно тэр үед мэс заслыг хийдэг гэж хэлж болно. Мэс засалд орохоосоо хоёр хоногийн өмнө эмнэлэгтээ хэвтэж, бүх бэлтгэлээ хийгээд мэс заслын дараа 4-7 хоног хэвтээд эмнэлгээс гарна. Эмнэлгээс гарсны дараа 90 хоногийн турш бидний гаргасан график систем, тусгай зориулалтын багажаар БЖИ-ээ хянуулж, долоо хоног бүр идэх зүйлсийг жагсаалтын дагуу хооллодог. Ер нь хагалгаанд орсон иргэн ойролцоогоор нэг жил эмч нарын хяналтанд явна гэсэн үг.

- Нэг жилийн дараа тухайн хүн энгийн иддэг хоол хүнсээ идээд явж болох уу? Ходоод нь буцаж сунаж томорно гэсэн асуудал үүсдэг үү?

- Тухайн хүний бие махбод, БЖИ-ээс их хамаарна. Өвчтөн бүрийн хувьд өөр өөр нөхцлүүд үүсдэг. Энэ нь тухайн өвчтөн хавсарсан өөр оноштой байсан эсэх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Хүн их хэмжээгээр хоол идэхэд бүдүүн гэдсэнд дарамт үүсдэг. Энэ мэс заслыг хийлгэчихлээр тэр дарамтууд нь багасч, энгийн хоол боловсруулалт явагдах учраас Д витамины эргэн шимэгдэлт сайжирч, ясанд бүдүүн гэдсээр шимэгдэж байгаа Д витамины хэмжээ ч гэсэн дагаад сайжирна. Хоолны хэмжээ багассан тул нойр булчилхайнаас ялгарах инсулиний хэмжээ илүү нөөцтэй болж, үүнийгээ дагаад чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал буурна. Ходоодны хэмжээ л жижгэрч байгаа болохоос бүр тайрчихаагүй болохоор ходоод хэвийн л ажиллана гэсэн үг. Иймээс менералийн илүүдэл, уургийн дутагдал зэрэг асуудалд орохгүй өдөрт авах ёстой шим тэжээлээ аваад явна гэсэн үг.

-Мэс засал хичнээн төгрөгийн өртөгтэй байдаг вэ?

-Энэ нь дурангийн мэс заслын аргаар хийгддэг бөгөөд асар өндөр үнэтэй нэг удаагийн багажнуудийг ашигладаг тул өртөг өндөртэй. Дундаж өртөг нь 10-20 сая төгрөг болдог. Тус мэс засал нь Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдсан тул өвчтөн мэс заслын өртгийн 25 хувийг төлдөг.

-Энэ төрлийн мэс заслыг танайхаас өөр хувийн мэс заслын клиникүүд хийдэг үү?

-Одоогоор хийгээгүй байна. Яагаад гэвэл энэ хагалгаа хийхийн тулд эрчимт эмчилгээний баг, бусад мэс заслын багууд бэлэн байх шаардлагатай болдог. Дээрээс нь өвчтөний мэс заслын өмнөх болон дараах хяналт маш чухал. Нилээд ярвигтай мэс заслын төрөлд ордог.

-УХТЭ хичнээн төрлийн дурангийн мэс засал хийгдэж байна вэ?

-Манай УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийдэг.

УХТЭ нь шинэ оношлогоо эмчилгээний төвтэй болсон. Энэ төвд зургаан том хагалгааны заал ажиллаж байна. Энэ заалууд нь бүгд дурангийн мэс засал хийхээр иж бүрэн тоноглогдсон. Дээрээс нь эмч нар маань олон улсад мэргэжил дээшлүүлж ажилласан туршлагатай. Манай эмэгтэйчүүдийн мэс засал, урологийн мэс заслын багынхан бүгд мэс заслуудаа төрөлжүүлээд хийдэг болсон байгаа. Элэгний мэс заслыг хүртэл дурангийн мэс заслын аргаар тайрч байна. УХТЭ нь робот мэс заслыг монгол улсад нэвтрүүлж, хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн эрхтэн шилжүүлэх мэс засал, донорын эрхтэнийг дурангийн мэс заслаар авах олон улсын стандартыг нэвтрүүлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болох зорилттой ажиллаж байна.

-Ярилцлагын төгсгөлд та өөрийнхөө тухай бидэнд танилцуулаач.

-Миний бага нас Улаанхуаран, 53-р сургууль орчимд л өнгөрсөн. 1997 онд АУИС-д элсэн ороод 2003 онд төгссөн. Шведийн Стокгольм хотын АУИС-ийн дурангийн мэс заслын курст суралцаад Claus D. Hagenhoff профессорын удирдлага доор байх хугацаандаа Олон улсын сайн дурынхны эмч нарын багт орж ажиллаад Зимбаб улсад зургаан сарын хугацаанд ажиллаж байсан. 2010 оноос хойш ОУ-ын хил хязгааргүй эмч нарын нийгэмлэгт ажиллаж байгаа ба сайн дурын үндсэн дээр ядуу буурай орнуудад очиж мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд олон улсын багтайгаа 78 хөгжиж буй буурай орнуудад мэс заслын тусламжийг үзүүлсэн байна. Мөн Швед, Франц, Япон, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Цаашид ч өөрийгөө сорьж, улам л хөгжихийн төлөө шантралгүй ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ