Шуурхай мэдээ



ЭМГЭНЭЛ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-16 13:51
  • 0

ЖАМЪЯНСҮРЭНГИЙН ДАВААРАГЧАА (1972-2021)

Бидний дотны хамтран зүтгэгч, шилдэг офицер, хурандаа Жамъянсүрэнгийн Даваарагчаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

​Хурандаа Ж.Даваарагчаа нь 1972 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1990 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургууль, 1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1996 онд Батальоны захирагчийн дамжаа, 2001 онд Удирдлагын академи, 2005 онд Батлан хамгаалахын Удирдлагын академи, 2012 онд мөн академийн Стратегийн дамжаа, НҮБ-ын цэргийн багийн захирагчийн дамжааг тус тус төгсөж, Цэргийн ухааны магистр, цэргийн мэргэжлийн хоёрдугаар зэрэг эзэмшсэн юм.

Хурандаа Ж.Даваарагчаа нь Зэвсэгт хүчинд 31 жил тасралтгүй ажиллахдаа Зэвсэгт хүчний 150, 016 дугаар ангиудад рот, батальоны сургалт, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, Зэвсэгт хүчний 013, 123, 310, 318 дугаар ангиудад захирагчийн орлогч, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газарт Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2013 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байлаа.

Тэрээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд ажиллахдаа батлан хамгаалах тухай хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаа үлгэр жишээ хаасан дайчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэн үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж байлаа.

Хурандаа Ж.Даваарагчаа нь 2008 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны есдүгээр ээлжийн цэргийн багийн сэтгэл зүйч, 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах “MINURCAT” ажиллагааны хоёрдугаар ээлжийн цэргийн багийн удирдлагын бүлэгт сургалтын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн шилдэг энхийг сахиулагч юм.

Түүний улс орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон энхийн үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медаль, Польш Улсын “Иракийн эрх чөлөө ажиллагаа” медаль, Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг, Зэвсэгт хүчний Хүндэт тэмдэг, Нийслэлийн Хүндэт тэмдэг, Эх орны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн хүндэт тэмдэг, Дайчин алдар 1, 2, 3 дугаар зэргийн медаль болон Төрийн цэргийн байгууллагуудын бусад медалиудаар шагнагдаж, Нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарч байлаа.

​Эрхэм Таны өргөсөн тангарагтаа үнэнч, шаргуу хөдөлмөрч, чин шударга, ажилч хичээнгүй, өгөөмөр энэрэнгүй, даруу төлөв, тусч, зарчимч зан чанар гэр бүл, хамт олон, найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

​Ум сайн амгалан болтугай.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ,

НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛ, 013, 123, 150, 310, 318 ДУГААР АНГИ, АНД НАЙЗУУД НЬ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ