Шуурхай мэдээ



Байлдагч Д.Жамъянсүрэн: Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-20 11:26
  • 0

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Д.Жамъянсүрэнтэй ярилцлаа.

Таны хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-ЗХЖШ-ын цахим сайтыг уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө МУИС-ийн Түүх, нийгмийн багш мэргэжлээр суралцаж байсан, хоёрдугаар дамжааны оюутан. Өөрийгөө тодорхойлооч гэвэл багш хүний үр удам гэж хэлнэ. Миний гэр бүл, ах дүү, хамаатан садны олонх нь сурган хүмүүжүүлэгч, багш мэргэжилтэй хүмүүс. Үүгээрээ ч би бахархдаг. Тэднийхээ залгамж халааг авч сайн багш болох нь миний мөрөөдөл юм.

Аль нутгийнх билээ?

-Увс аймгийн Тэс сумынх. 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.Дамжингийн ууган хүү болж мэндэлсэн. Манай сумын онцлог хурдан морь, хүчит бөх юм.

Багшийн удамтай гэлээ. Бидэнд энэ талаар ярихгүй юу?

-Миний ээжийг Доржийн Чулуун гэдэг, бага ангийн багш мэргэжилтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Увс аймгийн Тэс суманд 20 гаруй жил багшилсан, олон мянган шавьтай хүн. Удахгүй гавьяаныхаа амралтад гарна. Ээжийн дүү Д.Одон эгч маань ч ялгаагүй сурган хүмүүжүүлэгч. Өдгөө “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд математикийн багшаар ажилладаг бол авга эгч Н.Буян Увс аймгийн Тэс сумандаа түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байдаг. Айлын ууган хүү гэдэг утгаараа гэр бүлийнхээ эрхэм болсон мэргэжлийг өвлөж, ээж шигээ олон аавын хүү, ээжийн охинд эрдэм заах багш хэмээх сайхан мэргэжлээр суралцаж байгаадаа бахархаж явдаг даа.

Та бас ном унших их дуртай шүү дээ. Чөлөөт цагаараа ангийн номын сангийн номуудыг дуусгасан биз?

-Тийм ээ. Багшийн хүүхэд учир ийм байхаас ч аргагүй. Уншсан ном гэвэл тоймгүй их. Тэр дундаа одоо ч зохиолын гол дүр санагддаг бүтээлүүд гэвэл “Усан доогуур 20000 бээр аялсан нь”, “Дэлхийн төв рүү аялсан нь”, “Дэлхийгээс сар хүртэл”, “Робинзон Крузо”, “1001 шөнийн үлгэрүүд”, “Чонон сүлд” юм. Бага байхад ээж минь “Ном бол ертөнцийг харах цонх юм. Чи өөрийнхөө мэдэхийг хүссэн асуулт болгоныхоо хариултыг номоос олж болно” гэж үргэлж хэлдэг байсан.

Цэргийн албанд ирснээр сэтгэгдэл ямар байна вэ?

-Миний хувьд олон дадал, зуршлыг өөртөө бий болгосон гэхэд болно. Анх ирэхдээ өөрийгөө илэрхийлэх тал дээр жаахан дутмаг, бүрэг ичимхий байсан. Цэргийн албанд татагдсанаар хувь хүн талаасаа ахиц дэвшил нэлээдгүй авчирсан нь хамт олонч, нийтэч байдал юм. Бас аливаа зүйлийг хойшлуулалгүйгээр цаг тухайд нь хийж сурсан. Цэргийн алба нь өөрөө онцлогтой бөгөөд хүнд тэсвэр, тэвчээр, хатуужил цаашлаад хүнээс үг сонсож сурах, би бүгдийг чадна гэх итгэлийг маш ихээр суулгаж өгсөн.

Үе тэнгийнхээ залууст хандаж юу хэлэх вэ?

-Миний хувь хүний хөгжил, эзэмших гэж буй мэргэжил, ойрын болон холын зорилго, мөрөөдөл гэх эдгээр том хүчин зүйлүүдийг хөдөлгөх гол хүч нь зөв хандлага юм. Тэр ч утгаараа залуусыг номтой нөхөрлөж, олон талын судалгаа хийж өөрийгөө тогтмол хөгжүүлэх тал дээр нухацтай хандаж, аливаа зүйлд ул суурьтай хандаж байгаасаа гэж хүсмээр байна. Залуучууд маань бие биедээ эерэг зөв хандлагыг түгээж, зөв үлгэр дуурайлал, нөлөөлөл үзүүлж байгаасай. Хар бараан яриа, шүүмжлэлээрээ бусдыг будахын оронд сэтгэлийн дэм, урмаар усалж яваарай гэж хэлье.

Дэслэгч Б.Долгорсүрэн (Зэвсэгт хүчний 340 дүгээр анги)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ