Шуурхай мэдээ



Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-23 12:08
  • 0

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 53.3 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан даргалан хуралдуулав. Нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан юм.

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.


Төсвийн байнгын хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж,  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргажээ. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг нар Байнгын хорооны дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.


Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1 дүгээр зүйлийн “усалгааны” гэсний дараа “хүлэмжийн” гэж нэмэх санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 3 дугаар зүйлийн “2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй энэ саналыг дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Ганбаатар,  Ц.Даваасүрэн, Н.Энхболд  нар Байнгын хорооны дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.


Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 1 болон 3 дугаар зүйлийн “усалгааны” гэсний дараа “хүлэмжийн” гэж нэмэх, мөн төслийн “батлагдсан өдрөөс” гэснийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Төсвийн байнгын хороо одоо хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ