Шуурхай мэдээ



Боксын тулааны хамгийн аймшигт тохиолдол


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-29 13:40
  • 0

 

Боксын тулааны хамгийн харгис хэрцгий, цус урсгасан олон тохиолдол түүхэнд гарч байв. Гэвч 1910 онд хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө тулалдсан тэмцэл үүн дотор онцгой байр суурь эзэлдэг.

Америкийн тамирчин Эд Волгаст, Данийн боксчин Бэттлинг Нельсон нар 40 раундын турш бие биенээ хайр найргүй нүдэж, боксын дэвжээг цусанд хутгасан байна. Эцэст нь тулааны үйл явцыг цаашид нүд хальтран харж чадахгүйд хүрсэн үзэгчдийн шахалт шаардлагаар албадан зогсооход хүрчээ. Энэхүү тулааны хор уршиг хоёр боксчинд хүндээр тусаж, тэдний эрүүл мэнд ихэд дордон эцэст нь сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Одоо бол мэргэжлийн боксын тулаан 12 раундаар хязгаарлагддаг. 1982 онд хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө тулалдсан Солонгосын тамирчин Ким Дук Ку-гийн эмгэнэлт үхлийн дараагаас энэхүү журмыг мөрдөх болжээ. Тэрбээр Америкийн боксчин Рэй Манчини-тай 14 дэх раундад тулалдаж байхдаа толгойдоо хүнд гэмтэл аван дэвжээн дээр ком-д орж эмнэлэгт хүргэгдэн нас барсан аж.

ХХ зууны эхэн үед АНУ-ын цөөн мужид боксын тэмцээн албан ёсоор явагддаг байсан хэдий ч тухайн үед хариуцсан байгууллага байдаггүй байсны улмаас тамирчдын эрүүл мэндийн талаар хэн ч санаа тавьж байсангүй. Боксчдын тулаан 20,30,50 раунд ч явагдан, заримдаа хэн нэг нь нөгөөгөө нокаут хийх хүртэл бараг л хязгааргүй тулалддаг байж.

Иймэрхүү тулаанууд цус гарахгүй, хугарал гэмтэлгүй дуусах нь ховор тохиолдол бөгөөд эмзэг нерв-тэй үзэгч бол харж чадахааргүй зүйл болдог байсан аж. Гэвч тэдгээр цуст тулааныг үзэхийг хүсэгчид ч их байсан нь мэдээж.

Ийм нэгэн аймшигт, харгис тулаан 1910 онд Калифорни мужийн Ричмонд-д 18 мянган үзэгчийн нүдэн дээр явагдсан байна. Хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө “ялагдашгүй” хочит Бэттлинг Нельсон /дани/, “Мичиганы зэрлэг муур” гэгддэг Адольфус /Эд/ Волгаст /америк/ нар тулалдсан бөгөөд тэд хоёулаа тулааны харгис хэрцгий байдлаараа ялгардаг байсан учраас үзэгчдийн дунд ихэд алдаршсан байжээ.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ