Шуурхай мэдээ



Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнжлөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-04 11:58
  • 0

Цар тахлын хүнд цаг үед шийдвэр гаргагч болон гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын уялдааг хангаж, зохицуулах үүрэг бүхий Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнжлөө. Биднийг очиход ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн угтан авав. Журмын дагуу халуунаа үзүүлж, ариутгалын уур үлээсэн хаалгаар нэвтэрлээ. Шуурхай штабын алба хаагчид ажлын байр руугаа нэвтрэх болон ажиллах үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрддөг байна. Өмнө нь тус газарт халдварын тохиолдол гарч байсан учир тодорхой давтамжтайгаар ариутгал хийж, ажилчид шинжилгээнд байнга хамрагддаг аж. Энэ нь ч аргагүй юм. Шуурхай штабын эхний жижиг зааланд мэдээллийн нэгдсэн лавлах “119”-ын операторууд сууж байлаа. Тэд иргэдийн асуултад хариулж, санал гомдлыг хүлээн авах зэргээр амсхийх чөлөөгүй дуржигнуулах аж. Цааш том зааланд Шуурхай штабын үндсэн бүрэлдэхүүн байрлажээ. Танхимын голд дэлгэц байрлуулж, түүн дээр цаг үеийн мэдээлэл байнга шинэчлэгдэж харагдана.

 

 Заалыг тойруулан байрлуулсан ширээ бүрийн цаана хүн бүр өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь илт. Урд хөршид халдвар дэгдэж, дэлхий дахинаа тархах үед буюу өнгөрсөн оны гуравдугаар сард Шуурхай штабыг анх байгуулж, улмаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж шинэчилж, өргөжүүлсээр өнөөгийн бүрэлдэхүүнийг бий болгосон байна. Анх гадаадаас иргэдээ татан авах асуудалд гол анхаарлаа хандуулж, эмнэлгийн хүчин чадлыг нэмэх, нөөцөө бүрдүүлэх зэргээр бэлтгэл ажилд анхаарч байсан бол дотоодод халдвар алдаж, тархахын хэрээр тэдний ажлын анхаарал тавих асуудлууд улам өргөжжээ. Тус штабт 50 гаруй байгууллагын төлөөлөл багтаж, найман чиглэлийн чиг үүрэгтэйгээр 200 гаруй хүн ажиллаж байна. Салбар бүрийн шаардлагатай бүхий л төлөөлөл багтсан болохыг хэлсэн юм. Тэд гурван ээлжээр ажилладаг аж. Шөнө бүр найман чиглэлийн 20 гаруй хүн жижүүрлэн ажилладаг. Өдрийн ээлжийн хүмүүс өглөө ирээд шөнийн 01:00 цаг хүргэж буудаг байна.

Шуурхай штабын гүйцэтгэж буй ажил үүрэг маш өргөн хүрээтэй. Ерөнхийдөө ковидтой холбоотой бүхий л чиглэлийн зохицуулалт, ажлын уялдааг хангаж байгаа баг хэмээн товчхон ойлгож болно. Өдөр бүр 119 утсанд ирж байгаа хэдэн мянган асуултад хариулж, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, уялдааг хангах нь тэдний ажлын нэг хэсэг юм. Тэгэхээр ямар өргөн хүрээтэй, өндөр ачаалалтай болохыг харж болно. Тийм ч учраас уг нийтлэлээр Шуурхай штабын ажил үүргийг нэг бүрчлэн тоочих, мөн хүн бүрийг чухал ажлынх нь араас дуудаж авчраад байцаагаад байх боломж хязгаарлагдмал байв.

ӨДӨРТ 7000-10000 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙНА

 

 Юуны өмнө бид “119” дугаарын операторын хэсэгт саатсан юм. Оператор, ахлах ахлагч Э.Золзаяа “Манай лавлах хоёр түвшинтэй. Нэгдүгээр шатанд лавлагаа өгнө. Өөрөөр хэлбэл, вакцинтай холбоотой хаяг байршил, тусгай үүргийн нислэг хэзээ нисэж, буух, ковидтой холбоотой гаргасан бусад тушаал захирамжууд гэх зэргээр өргөн хүрээтэй лавлагаа байдаг. Хоёрдугаар түвшинд ажиллаж байгаа операторууд маань Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ, НЭМҮТ гэх зэргээр чиглэл чиглэлээр салаад явчихаж байгаа. Иргэдээс ирж байгаа ихэнх дуудлага гэвэл тусгаарлан ажиглах байр, тусгай үүргийн нислэгтэй холбоотой байна. Мөн халдвар аваад гэрийн ажиглалтад байгаа хүмүүс их хандана. Зарим нь хүндэрсэн байдаг. Хүндэрч болзошгүй, хүндэрсэн хүмүүсийг хамгийн эхэнд очиж авч, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулдаг. Мэдээж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, орны хүрэлцээ муу болсон учир бэрхшээлүүд бий. Нөгөөтэйгүүр, тусгаарлалтад байх үед аав, ээж нь нас барсан тохиолдолд буяны ажилд нь оролцоно хэмээх асуудлыг их тавьдаг” хэмээн ярьсан юм. Тэрбээр ийн мэдээллээ хурдхан өгчихөөд дараагийн дуудлагуудад хариу өгөхөөр ширээнийхээ ард суулаа. Дашрамд сануулахад, Онцгой байдлын ерөнхий газрын сайтнаас халдвар батлагдсан цэгүүд, шинжилгээ авах газар болон вакцинжуулалтын цэгүүдийн байршлыг харах боломжтой юм байна.

Халдвар тархаахгүйн тулд дүрэм журмаа чанд барих шаардлагатай байхад нөгөө талд хүн ёсны асуудал ч давхар гарч ирдэг байна. Тухайлбал, тус өдөр Сөүлд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орохоор явсан хүн нас барчихсан. Хамт явсан үр хүүхэд нь нутагт нь авчирч оршуулмаар байна хэмээн хүсэлт гаргажээ. Өмнө нь хоёр удаа шарил тээвэрлэн авчирч байсан. Одоо бол чандарлаад тээвэрлэх зохицуулалттай явж байгаа. Гэтэл үүнийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэг талаас журам боловч хүн ёсны өмнө хэрхэх вэ. Бас нэг жишээ. Ковидын халдвар авч, улмаар хүндэрч эмнэлэгт хэвтсэн гэр бүлийн хоёрын нэг нь буюу нөхөр нь нас баржээ. Эхнэр нь ажил явдалд нь оролцоно хэмээн уйлна. Журмаар бол бас л боломжгүй зүйл. Мөн тусгаарлалтад байх үед ээж нь нас барчихсан. Бас л ажил явдалд нь оролцоно хэмээн охин нь хүсэлт гаргажээ. Энэ мэтээр сэтгэл шимшрүүлэм дүр зургууд өрнөсөөр байна.

 

 Өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтад байгаа бол халдвар хамгааллыг хэрхэн сахих, ямар эм хэрэглэх зэргээр шаардлагатай мэдээллийг мэргэжлийн байгууллагын хүмүүс өгч байна. Тухайлбал, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Ганболор “Халдвараас сэргийлэх, өвдсөн тохиолдолд хэрхэн тусгаарлагдах, тусгаарлалтын үед ямар дэглэм барих, яаж дархлаагаа дэмжих гэх зэрэг асуулт ихэвчлэн ирж байна. Мөн өвчний шинж тэмдэг илэрснээс болоод гадуур шинжилгээний цэгийн байршлыг их асуудаг. Халдварын тохиолдол өндөр, нас баралт бүртгэгдэж байгаа энэ үед иргэд гэрээр их тусгаарлагдаж байна. Тиймээс бид зөвлөгөө мэдээллээр сайн хангах нь тун чухал байдаг” хэмээн ярьсан. Мөн хүмүүс маскийг болгоомжтой тайлж, хогийн саванд хаях ёстой. Гэтэл маскийг олон цаг зүүх, гараараа хамаагүй тайлж хаяснаас болж халдвар гарт дамжиж улмаар өвчлүүлэх эрсдэл үүсч байгааг хэлсэн юм. Түүнчлэн, аливаа гадаргууд хүрээд гараа тогтмол ариутгах нь чухал аж. Нөгөөтэйгүүр, бага насны хүүхдүүд, өсвөр насныхан гарч тоглох, найзуудтайгаа уулзах зэргээр нийгмийн харилцаанд их ордог. Ингээд халдвар авдаг. Хүүхдүүдийн хувьд халдвар авсан ч бараг өвчилдөггүй. Харин гэрийнхэн, аав, ээж, өвөө, эмээдээ халдвар тараах тээгч болж өгдөг байна. Халдвар авч, хүндэрч байгаа ахмад настнуудын бараг 90 хувь нь гэрээс огт гараагүй хэмээдэг аж. Өөрөөр хэлбэл, үр хүүхэд, ач зээ нь халдвар тээгээд ирсэн гэсэн үг юм. Энэ байдлыг иргэд маш сайн ухамсарлаж, хөл хориог бүрэн мөрдөх ёстой хэмээн Ц.Ганболор анхааруулав.

НЭГДҮГЭЭР ТУНГАА ХИЙЛГЭХ ИРГЭД ЦӨӨРЧ БАЙНА

Шуурхай штабт найман чиглэлийн 10 баг ажиллаж байгаа аж. Өмнө нь 21 аймгаас хүн татаж, шаардлагатай мэдээллээр хангаж, хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг өгч, сургалтад хамруулаад явуулжээ. Тиймээс Шуурхай штабт орон нутгийн мэдээллийг нэгтгэн авч, хариу арга хэмжээ авах ажил харьцангуй сайжирсан хэмээсэн. Заалны голд байрлуулсан дэлгэцэн дээрх мэдээллийг Мэдээлэл технологи харилцаа холбооны багаас нэгтгэж, байнга шинэчилдэг байна. Энэ талаар тус багийн ахлагч А.Золзаяа “Шадар сайдын санаачилгаар манай баг Улсын онцгой комисс дээр гуравдугаар сараас эхэлж ажиллаж байна. Үүнээс өмнө улсын хэмжээнд нэгтгэгдэж байгаа мэдээллүүд ехсеl программ болон цаасаар явж байсан. Үүнийг бид нэгтгэж систем рүү оруулаад улсын хэмжээн дэх мэдээллийн самбар дээр нэгтгэж харах боломжтой болсон. Энэ нь вакцинжуулалт, вакцины нөөц, шинжилгээ, бусад өргөдөл гомдол, дуудлагын төвөөр явж байгаа асуултууд гэх зэргээр шаардлагатай бүх мэдээлэл багтаж байгаа. Нэг мэдээллийн самбар дээрээс мэдээллээ хараад онцгой комиссын бүрэлдэхүүн шийдвэр гаргах, зохион байгуулалт хийхэд цаг хэмнэж, хялбар болгож байгаа юм” гэв. 119 дугаарт л гэхэд өдөрт 7-10 мянган дуудлага ирдэг байна. Энэ бол энгийн үе байна. Самбар дахь цаг үеийн зарим мэдээллээс хүргэвэл 120 цэг байнгын, 8-12 хөдөлгөөнт цэгээр вакцинжуулалт хийж байгаа. Вакцины нөөц хүрэлцээтэй. ОХУ-аас вакцин орж ирж байгаа аж. Тиймээс иргэд вакцинд хамрагдах нь тун чухал юм байна. Тооцоогоор тавдугаар сарын 7-н гэхэд 1.2 сая хүнд вакцин хийх ёстой аж. Ингэснээр сүргийн дархлаа тогтох боломж бүрдэнэ. Нэгдүгээр тунг хийлгэснээр 40-60 хувь хамгаалдаг байна. Харин хоёрдугаар тунг хийлгэснээр халдвар авсан ч маш хөнгөн тусаад өнгөрөх гэнэ. Хамгийн гол нь халдвар тараах эрсдэл буурна. Вакцинд хамрагдалтын тухайд өдөрт 50 мянган хүнийг хамруулах тооцоо гаргасан. Тэгвэл 57, зарим өдөр 64 мянга хүрсэн үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ ихэнх нь хоёрдугаар тунгаа хийлгэж байгаа хүмүүс байна. Харин шинээр буюу нэгдүгээр тунгаа хийлгэх хүмүүс цөөрсөөр байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэл, вакцин голж байгаа нь тэр юм. Вакцины төвүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Иргэд өглөө ачаалал үүсгээд, 16:00 цагаас хойш алга болчихож байгаа аж.

 

 

 Шуурхай штаб дээр хамгийн том бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа хэсэг нь Ажиллагаа зохицуулалтын баг юм. Чиглэл бүрийн мэдээллийг энд зангидаж, зохион байгууллатын ажлыг хийдэг хэмээн ойлгож болно. Энэ талаар Ажиллагаа зохицуулалтын багийн гишүүн, хурандаа Ж.Дамдинсүрэнтэй ярилцсан юм. Тэрбээр “Уг баг нь шуурхай штабт гол үүрэг гүйцэтгэдэг. Гадаадаас ирэх чиглэлийн байгууллагуудын мэргэжилтнүүд ажлын уялдаагаа хангаж, зохион байгуулалт хийж байна. Чиглэл бүрийн бүх хүн байж үйл ажиллагаа зохицуулагдана. Нэг нь байхгүй байснаас болж доголдох эрсдэлтэй” хэмээн ярьсан. Тус баг өнгөрсөн хугацаанд 160 гаруй тусгай үүргийн нислэгийг хүлээн авсан байна. Гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргахаас эхлээд нутагтаа бууж, тусгаарлах байр дамжин гэртээ ирэх бүх үйл явц тус багийн зохион байгуулалтын хүрээнд өрнөнө. Энэ болгоныг задалж тайлбарлавал ихээхэн цаг үрэх аж. Үүнээс гадна уг баг ойрын хавьтлуудыг олж тодорхойлно. Тодорхойлсон иргэдээ тусгаарлалтад оруулна. Энэ бол маш том ажил. Ж.Дамдинсүрэн “Нөхцөл байдал улам хүндэрч байна. Тусгаарлах байрны нөөц дуусч байгаа. Эмнэлгүүд оргүй болсон. Бид дахин хэчнээн хүнийг тусгаарлах, эмчлэх дээр судалгаа хийж, байрнуудаа бэлтгэж байна” гэсэн юм.

РСR ШИНЖИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДОЛ ХАМГИЙН ИХ ИРДЭГ

Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн, Шуурхай штабын чиг үүрэг бүрийг дэлгэрэнгүй бичиж, үйл ажиллагааг нь өргөн хүрээтэй тайлбарлахад ихээхэн цаг, цаас орно. Иймээс түүвэрлэх байдлаар ярилцсан юм. Ажиллагаа зохицуулалтын багийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний бүлгийн мэдээллийг онцлох нь зүйтэй болов уу. Тус бүлэг иргэдээс ирсэн гомдол саналыг тухай бүрд нь шийдвэрлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх зохицуулалтыг хийдэг байна. Мөн тусгаарлан ажиглах 30 гаруй байр бий. Энд эмнэлгийн тусламж шаардлагатай үед мөн зохицуулалт хийж байгаа аж. Иргэдээс ихэвчлэн РСR шинжилгээтэй холбоотой гомдол санал ирдэг аж. Цаг авах гэсэн дүүрсэн байна, шинжилгээний хариу удаан гарлаа гэх зэргээр хэлдэг байна. Үндсэн шалтгаан нь ачаалалтай холбоотой болохыг тэд тайлбарласан юм. Нийслэлд ХӨСҮТ-ийн дөрвөн лаборатори, үүн дээр дүүргүүдийнх нэмэгдээд 7-8 лаборатори ажиллаж байгаа аж. Өдөрт дунджаар 15 мянган шинжилгээ авдаг. Үүнээс үүдэж ачаалал ихэссэнтэй холбоотойгоор хариу удах, хүлээгдэх асуудал гарч байгааг хэлж байв. Одоогоор гэрээр 7000 гаруй хүн эмчлэгдэж байгаа аж. Ихэнхийг нь тусгаарлан эмчлэх байр руу татаж байгааг хэлсэн юм. Гэхдээ хариу арга хэмжээний баг хүрэлцээ муутай учир дуудлага бүрд цаг алдалгүй очиход хүндрэл учирдаг байна. Үүнтэй холбоотой гомдол ч их ирдэг аж. Би хүндрээд байх шиг байна, 2-3 хоногийн өмнө дуудлага өгсөн ч хүн ирсэнгүй гэх зэргээр гомдол гаргадаг аж. Энэ болгон дээр зохицуулалт хийж, хүндэрсэн хүмүүсийг шуурхай арга хэмжээ авч яаралтайгаар шууд эмнэлэг рүү хүргэдэг байна. Тус бүлэг эмнэлэг хооронд шилжүүлэх зохицуулалтыг хийдэг. Уг зохицуулалтыг тайлбарлавал, сайдын тушаалаар хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд гэсэн эмнэл зүйн хэлбэрээр нь ангилаад хүмүүсийг хаана, ямар эмнэлэгт хүлээн авах талаар хуваарилалт гаргасан байдаг аж. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв дээр хүнд хүн эмчлүүлж байгаад нэн хүнд рүү шилжих юм бол дараагийн шатлал буюу Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлэх юм. Тус бүлгийн мэргэжилтнүүд “Хүндрээд байгаа хүмүүсийг харахад гэрээсээ гардаггүй, архаг хууч өвчтэй 70-80 насны хүмүүс байгаа. Гэрээс гарахгүй байж байгаад халдвар авна гэж байхгүй. Үр хүүхэд нь гадуур явж халдвар тээгээд ирдэг. Зарим хүн халдвар авч 2-3 хан хоногийн дотор хүндрээд нас барах тохиолдол байна. Иймд хөл хориог хатуу чанга барих нь хамгийн чухал” гэсэн юм.

ЦАР ТАХЛЫГ ДАВАХ ГОЛ НАЙДВАР БОЛ ВАКЦИН ГЭДГИЙГ ИРГЭД УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ

Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж байна. Тэрбээр өглөөнөөс хойш хуралтай байж, түр засварлах үеэр нь ярилцлаа.

 

 – Та бүхний гол стратеги, зорилт юу вэ?

– Бидний зорилт маш ойлгомжтой. Үүнийг иргэн болгон мэдэж байгаа байх. Хамгийн гол нь халдварын тоог бууруулах, нас баралтгүй болгох асуудал шүү дээ. Энэ бол эцсийн зорилго юм. Халдварын тоог бууруулахын тулд хөл хориод байна. Энэ вирус агаар дуслын замаар халдаж байгаа учир аль болох хүмүүсийг хооронд нь зайтай байлгах, маскийг нь зүүлгэх, гэрт нь байлгах нь чухал. Гэвч хөл хорионы үед хүмүүсийн хөдөлгөөн буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, дулаарчихсан учир хүмүүсийн явдал нэмэгдэж, гэр бүлээрээ цугладаг асуудал байгаад байна. Үүнийг зогсоож халдварын тоог багасгахыг хичээж байна. Ингэж багасгаж байгаад вакцинаа хийгээд авах хэрэгтэй. Вакцин хийлгэсэн хүмүүс дараа нь халдвар тараах магадлал байхгүй болчихно. Эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ хувь 0.08 гэж байгаа. Тэгэхээр вакцинд хамруулах асуудал тун чухал байгаа биз. Ингээд өвчлөл, халдвар тараах байдал багасаад ирвэл хүмүүсээ хяналтдаа авчихна. Одоо эмнэлгүүд дүүрсэн учир хүмүүсээ авч чадахгүй болсон. Хүмүүс гэрээр эмчилгээ хийгээд гэртээ хүндэрч ирж байна. Ингээд эмнэлэгт хүнд хүмүүсээ авах гэхээр ачаалал нь хэтэрчихсэн учир нас баралт нэмэгдэх нэг шалтгаан болоод байгааг анхаарах хэрэгтэй. Тэгвэл хөл хориогоо сахиад, вакцинаа хийлгэснээр халдварын эрсдэл буурч, яг хүндэрч байгаа хүмүүсээ эмчлээд амийг нь аврах бололцоо гарна. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Халдварын тархалт буураад ирэхээр хүмүүсийн хүсээд байгаа нийгмийн бүх харилцаа үүснэ. Дэлгүүр хоршоо, худалдаа наймаа, хил гаалиар гарах, бизнесийн үйл ажиллагаа гэх зэргээр хэвийн байдал руу орно. Тэгэхгүй хоорондоо харьцаад халдвар тараагаад байвал нас баралт нэмэгдэж, ачааллаа дийлэхээ болиод сүүлдээ хаях асуудал үүсвэл яах вэ. Байгалийн дархлаа буюу шалгуураар хэн нь амьд үлдэх үү гэсэн сонголт үүсвэл яах вэ. Тийм нөхцөл байдал руу орохгүйн тулд иргэн бүр хичээх хэрэгтэй байна.

– Дахиж хөл хориог сунгах болов уу. Хүмүүсийн хөдөлгөөн нэлээн их байна. Үүний цаана халдварын тохиолдол буурахгүй байна шүү дээ?

– Бид 28 хоног сунгалаа. Энэ хугацаанд хүмүүс гэртээ байгаад, зайлшгүй гарах шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэмээ бүрэн сахиад өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хангаад явбал 28 хоног бол хангалттай хугацаа. Энэ хугацаанд бид өвчтэй байгаа хүмүүсээ ялгаад эрэмбэлчихнэ, эмчлэхийг нь эмчлээд, тусгаарлахыг нь тусгаарлаад, вакцинжуулахыг нь вакцинжуулчихна. Тэгэхээр иргэдийн идэвх, үүнд оролцож байгаа хандлага чухал байгаа юм. Хүмүүс бухимдаж байгаа ч хөл хориог хатуу барихаас аргагүй байсан. Гэхдээ 28 хоног дуусаад хөл хориог шууд тавьчихгүй. Хуучин бол улаан түвшинд байж байгаад шууд шар руу оруулахад эрсдэл үүссэн. Одоо бол хөл хориог сулруулахдаа шилжилтийн маягийн арга хэмжээ авна. Огцом сулруулахгүй.

– Цаашид ямар арга хэмжээг гол болгож явах вэ. Халдвар нэгэнт тарчихлаа шүү дээ?

– Дулааны улирал эхэлчихсэн. Хүн болгон газар тариалан, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалтын ажил гээд хот руу орох, гарах хөдөлгөөн их болж байна. Тэгэхээр бид вакцины тунгаа хийлгээд 14 хоног өнгөрсөн, эсвэл өвчлөөд эдгэсэн хүнээс РСR авахгүй. Авах шаардлагагүй. Хоёрдугаарт, эдгээр хүн орон нутагт очоод тусгаарлагддаг асуудал байхгүй. Тэгэхээр та вакцинаа хийлгэчих юм бол хөдөө орон нутаг явах, зорчих байдал нээлттэй болно гэсэн үг. Мэдээж халдвар хамгааллын дэглэмийг барина шүү дээ. Маскаа зүүж, зайгаа барих асуудал ямар ч үед байна. Мөн ямар нэг байгууллагаас үйлчилгээ авахад РСR шаарддаг. Тэгвэл вакцин хийлгээд 14 хоносон бол хаана ч нэвтэрсэн энэ шинжилгээг шаардахгүй. Бид вакцинаа эрчимжүүлээд РСR гэдэг зүйлийг болино. Хэрэв та орон нутаг руу зорчих гэж байгаа бол хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоног болсон байх ёстой. Энэ асуудлыг ярьж эхэлнэ. Хүнийг хүчилж байгаа юм шиг харагдаж болох. Гэхдээ нэгдүгээрт, тухайн хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа юм. Хоёрдугаарт, тэр хүний бусдад халдаах эрсдэлийг зогсоож байна.

Одоо бол РСR өгөх нь ач холбогдол багатай болж байна. РСR шинжилгээ өгөөд хариуг 2-3 хоног хүлээнэ. Энэ хооронд халдвар авах эрсдэлтэй. Тэгэхээр РСR-ийн ач холбогдол багассан. Ерөөсөө орон нутагт халдвар тарааж байгаа хүмүүсийн 48 хувь нь Улаанбаатар хотоос очсон. Энэ 48 хувь дотор 50 хувь нь эмнэлэгт хэвтэж,  эсвэл буяны ажилд оролцож байгаад орон нутаг руу буцсан хүмүүс юм. Тэд РСR-аар сөрөг гэж гардаг ч шинжилгээ өгснөөс хойш 2-3 хоногт халдвар авчихаж байна. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд РСR ач холбогдолгүй гэж үзээд вакцинаа хийлгээд 14 хоносон гэсэн гол шалгуурыг тавина. Өвчлөөд эдгэсэн хүмүүс бол байгалийн дархлаа суусан тул шинжилгээ шаардлагагүй.

Дараагийн асуудал бол түргэвчилсэн оношлуур гэсэн зүйл рүү орно. Та вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног болоогүй, дээр нь та өвчлөөд эдгэж байгаа хүн байж болно. Энэ тохиолдолд яг газар дээр нь түргэвчилсэн оношилгоо хийнэ. Энэ нь 90 хувийн магадлалтай. Түргэвчилснээр үзээд эерэг гарвал тусгаарлаад РСR шинжилгээ авна. Өдөртөө л гарчихна. РСR-аар эерэг гарвал эмнэлэгт аваачиж эмчилнэ. Ингэвэл хаа хаанаа ачаалал нь буурна. Хоёрдугаарт, хагалгаанд орох гэж байгаа, вакцин хийлгээгүй бол РСR хийнэ. Хэрэв вакцин хийлгээд 14 хоног өнгөрсөн бол эмнэлэг орох, хөдөө явахад РСR хэрэггүй.

Тэгэхээр вакцинжуулалт хамгийн чухал гэж ойлголоо. Гэвч хүмүүс илүү сайн вакцин орж ирэхээр хийлгэнэ гэсэн хүлээлттэй байна?

– Дэлхийн 210 гаруй орны 90 орчим улс нь синофарм хийлгэж байгаа. Биднээс илүү хүн амтай, биднээс илүү шинжлэх ухаан хөгжсөн, биднээс илүү өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд хийлгэж байна. Манай улс вакциныг чадах чинээгээрээ олж ирж байгаа. Харин ч олж ирж чадаж байна. Одоо вакцины явц 40 гаруй хувьтай байна. Тэгэхээр хүн сонголт гэхээс илүү надад хийлгэх боломж нь байна уу гэдгээ сайн харах хэрэгтэй. Сонголт хийх байтугай хийх вакцингүй газрууд олон байна. Өвчин тахалд нэрвэгдээд юу ч хамаагүй хийлгэе гэж байгаа улсуудыг бид өдөр бүр харж л байна. Хэрэв өөр вакцин орж ирэхээр хийлгэнэ гэж явж байгаад халдвар аваад хүндрээд, эдгэрлээ гэхэд уушги ч юм уу, ямар нэг эрүүл мэндийн асуудалтай үлдвэл яах вэ. Өндөр настай хүмүүстээ халдаагаад, тэд нас барах юм бол хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Вакцин хийлгэх боломж байсан. Хийлгээгүй. Сонголт ярьсаар байгаад хэн нэгний амь насан дээр очиход ойлгоно. Вакцин хийлгэхгүй гэж ярьж байгаа хүмүүс өөрт нь юм уу, өөрийнх нь ойр дотны хэн нэгэнд өвчний тохиолдол, үхэл зовлон ирээгүй байна гэсэн үг. Боломж бол вакцин. Одоо хийлгэ. Энэ бол таны боломж. Түүнээс сонголт надад байна гэдэг нь таны боломж биш. Өнөөдөр тусаад маргааш хүндэрч нас барах эрсдэлтэй. Ялангуяа, суурь өвчтэй, сахарын өвчтэй хүмүүст хүнд тусч байна. Одоо өвчин залуужсан. Хорь, гучин хэдтэй залуучууд очоод хүндрээд нас барж байна шүү дээ. Үнэхээр харамсалтай. Тэгэхээр би залуу, яах ч үгүй гэж хандаж болохгүй. Хүний биеийн онцлог, суурь өвчин, дархлааны байдлаас хамаарч харилцан адилгүй өвчлүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, өөрөө хөнгөн байдлаар туссан ч цаашаа халдвар тараагаад явах эрсдэл асар өндөр. Аав, ээж, өвөө, эмээдээ халдаана. Сая вакцин хийж байгаад нэг хэсэг хойшилсон. Өмнө нь өдөрт 2-3 хүн нас бардаг байсан бол энэ үед 8-9 болж нэмэгдсэн. Ингээд дахин вакцин хийж хаалгаа нээхэд ямар их дараалал үүссэн билээ. Болохгүй юм байна гэж ойлгож байна. Гэтэл одоо идэвх нь суларчихсан. Тэгж байгаад хийлгэнэ дээ гэдэг. Ялангуяа, нэгдүгээр тунгаа хийлгэж байгаа хүмүүс өдөр ирэх тусам багасаад байна. Уг нь нэгдүгээр тун өндөр байх ёстой шүү дээ. 55-аас дээш насны хүмүүсийн 12 хувь нь вакцинд хамрагдсан. Бусад нь хамрагдаагүй. Тэгэхээр сонголт хараад байна. Харин 18-50 насныхны 51 хувь нь вакцинд хамрагдаад байна. Бидний боломж бол вакцин юм гэв.

УОК-ын Шуурхай штабт ажиллаж байгаа бүх хүний хүсч байгаа, бас дахин давтан хэлж буй зүйл бол хөл хориог ягштал баримтлах, мөн халдвар авахаас өмнө вакцинд яаралтай хамрагдах явдал хэмээж байв. Халуун голомтод ажиллаж буй хүмүүсийн чухалчлан дайсан үг энэ байлаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин” Г.БАТЗОРИГ

ОБЕГ-ын албан сайт


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ