Шуурхай мэдээ



Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-05 16:23
  • 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын баг болон эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор:

“Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүү,

“Мах импекс” ХХК-ийн ахмад ажилтан Жамцын Сүхболд нарыг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад багш Жаргалын Тангад,

Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш Дүгэржавын Цэдэнпил,

Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор:

“Бидний зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл,

“Түм арвижих” ХХК-ийн захирал Буяндэлгэрийн Болд,

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэн,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,

“Арц суварга” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх,

“Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Батсуурийн Энхбаяр,

“Өрнөлком” ХХК-ийн захирал Жалбуугийн Шажинбат нарыг,

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүх,

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлах ахлагч Борчулууны Мөнхтөр,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаа,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Юмжээгийн Нямжаргал,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн инженер Хандсүрэнгийн Сүрэнжав,

“Айсвн” ХХК-ийн захирал Дамбын Туяа нарыг,

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор:

МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Чулуунбатын Эрдэнэ,

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Эрэнжидийн Хархүү,

Монгол Улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цолоор:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Түгжийн Элбэгдорж,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор:

Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн орлогч, хурандаа Галхүүгийн Наранхүү,

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Касины Хымбат,

Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цолоор:

“Ситинэтком” компанийн зөвлөх Пунцагийн Улаанхүү,

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэндийн Баатар,

Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Эрдэнийн Пүрэвжав,

Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнгийн ажлын удирдагч Пэлжээгийн Одонмажиг,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор:

Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхбаатарын Батболд,

Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү,

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор:

“Партизан тэнхлэг” ХЗХ-ны захирал Чоглонгийн Даваасамбуу,

Сүхбаатарын одонгоор:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белош,

Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, Бригадын генерал Монтойн Хүрлээ нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа:

Бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Монголчууд түүхэндээ анх удаа бие даан гүйцэтгэсэн үндэсний томоохон түүхэн бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нэгэн том үйлс Та бүхний зүтгэл, сэтгэлээр бий болж байна. “Шинэ төмөр зам” төслийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна.

Монголчууд том бүтээн байгуулалт хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармайж, санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж, үл итгэн гацааж байсан төслийг Та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосонд бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна.

Монголчууд УИХ-ын 2008 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг анх удаа батлуулсан. Энэ бол Монголын төрөөс эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, баялгийн экспортыг эрс нэмэгдүүлэх чиглэлээр дор хаяж 10-100 хүртэлх жилийн цаадхыг тооцоолж гаргасан бодлого юм.

Дээрх бодлого хэрэгжих хүртлээ олон саад бэрхшээлийг даван та бүхний хамтын хүчээр өнөөдөр бодит ажил болж эхэлж байна.

Нийт 6,000 гаруй км төмөр замын үндэсний сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шат болох “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор бүтээн байгуулагдлаа. Улс төржилт, бүлэглэлийн ашиг сонирхол саад болоогүй бол ямар их боломж нээгдэж, үр дүнгээ өгч болохыг бид харж байна.

2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажилласныг энд цохон тэмдэглэмээр байна.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Монголын Төмөр зам”  компанийн хувь эзэмшлийн “Тавантолгой төмөр зам” компани гардан гүйцэтгэж байгаа, тун удахгүй дуусна. Овоолсон шороо хэмээн адлагдаж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна. Шинэ төмөр замын ажилд бие сэтгэлээ зориулсан, оролцсон, дэмжсэн бүх хүнд талархлаа.

“Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” тэргүүтэй үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10 мянга гаруй хүн, 3 мянган хүнд даацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ.

Монгол инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол нь их бүтээн байгуулалтыг бүтээн босгох чадвартайг бид өнөөдөр харж, бахдаж байна.  Бид чадсан. Монгол залуус, инженерүүдээрээ бахархаж байна.

Энэ бүтээн байгуулалт экспортын орлогыг 5 дахин өсгөж, замын дагуу орших 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байгааг энд дурдмаар байна. Шинэ төмөр замын төсөл нь нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, хэдэн арван мянган ажлын байр бий болгох бодит ач холбогдол, нөлөө бүхий бүтээн байгуулалт юм. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулах, олон зах зээлд гарцтай болох, газрын баялгийг эргэлтэд оруулж, нийт монголчууд баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэх боломжийг нээж байгаа нь хамгийн гол ач холбогдол хэмээн дүгнэж байна.

Эрхэм төмөр замчид, бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Та бүхэнд дахин талархал илэрхийлж, төрийн дээд цол, одон медалиар шагнагдсанд баяр хүргэе. Өнөөдөр шагнагдагсдын дундаас онцлон дурдах учиртай хүмүүс байна.

Монгол Улсын стратегийн онцгой чухал ач холбогдол бүхий “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан зохион байгуулж, оновчтой шийдэл бүхий менежментийг гардан хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, захиалагчийн хяналтыг онц сайн хийж гүйцэтгэсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалд баяр хүргэе!

Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханы удирдан зохион байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд энэ бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэхдээ төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж чадсан юм. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид томоохон бүтээн байгуулалтад оролцох, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтойг нотлон харууллаа. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлд Танаар дамжуулан талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Өнөө жил 100 жилийн ойтойгоо золгож буй ялгуусан түүхт орчин цагийн Монголын Зэвсэгт хүчин үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал, хөдөлмөр алдрын баатар болж байна.

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол шагнагдсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүхэд баяр хүргэе. Монголчуудын анхны бие даан босгосон түүхэн бүтээн байгуулалтын захиалагчаар ажиллаж, Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олныг төлөөлүүлэн Таныг шагнаж байгаа юм шүү.

Төмөр замын доод бүтцийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Зэвсэгт хүчний Жанжин штаб, гүйцэтгэлийг газар дээр нь удирдсан Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэнд Гавьяат барилгачин цол шагнаж байна. Баяр хүргэе.

Төмөр замын дээд бүтцийн үндсэн ажлыг удирдаж ажилласан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаад Гавьяат тээвэрчин цол, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белошид Сүхбаатарын одон хүртээлээ. Энэ хоёр эрхэм эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй. Давхар баяр хүргэе!

Эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд өндөрт өргөсөн чөлөөт бөхийн тамирчны замналаараа 1984 онд Гавьяат тамирчин болж байсан Буяндэлгэрийн Болд “Түм арвижих” компанийн захирлын хувиар төмөр замын түүхэн бүтээн байгуулалтад хамт олныхоо хамтаар гар бие оролцон, сэтгэл зүтгэл гарган ажиллаж, Гавьяат барилгачин цолоор шагнагдаж, давхар Гавьяат цолны эзэн болсонд баяр хүргэе!

Энэ төслийн явцад төмөр замын бетон дэрийг Монгол Улсад 100 хувь үйлдвэрлэсэн нь онцлууштай хэрэг болсон юм. Бетон дэрийн 50 хувийг үйлдвэрлэн хангасан “Улаанбаатар БҮК” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүүг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнаж байна.

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч Борчулууны Мөнхтөрд өнөөдөр Гавьяат тээвэрчин цол олголоо. Төмөр замын бүтээн байгуулалтын түүхий эд, бараа материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж цаг тухайд, осол эндэгдэлгүйгээр тээвэрлэн хангасан олон зуун жолоочдыг манлайлан ажилласан гавьяаг тань үнэлж байгаа юм шүү. Тээвэрчдэдээ баярлалаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт төмөр замын доод, дээд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг үлгэрлэж, консорциум хэмжээнд зохион байгуулж, манлайлан ажилласан “Бидний зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл, Зүүнбаян багийн хэсэгт онцгой зүтгэл гарган ажилласан “Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажилласан “Арц суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх нарын гавьяа зүтгэлийг үнэлж, Гавьяат барилгачин цол хүртээж байгаадаа туйлын баяртай байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд бие бүрэлдэхүүнийг халдвараас холуур байлгах, осол эндлээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан эмнэлгийн багийн хичээл зүтгэлийг үнэлж, Цэргийн төв эмнэлгийн Ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү нарт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг шагналаа. Баяр хүргэе!

Манлайлагчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хариуцлагатайгаар амжуулж, улс эх орондоо эдийн засаг, нийгмийн цогц дэвшлийг бий болгоход хүчин зүтгэсэн гавьяа зүтгэлийг тань үнэлэх үүргийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувиар би гардан гүйцээж, ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд мэхийн ёслоё. Баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжин цэцэглэж, монголчууд сайн сайхан, амар тайван амьдрах цаг наашилж байна.

Монгол Улс бадартугай” гэлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ