Шуурхай мэдээ



Ардчилсан нам ёроолдоо хүрэв үү, эсвэл давхар ёроолтой юу....


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-10 09:45
  • 0

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр явагдан, нийт бүртгэлтэй сонгогчдын 59  хувь нь саналаа өгснөөр хүчин төгөлдөр болов. Сонгогчдын ирцийн хувьд, урд өмнөх сонгуулиудаас хамгийн ирц муутай болж өнгөрлөө. МАН, АН, “Зөв Хүн Электорат” Эвслээс нэр дэвшигчдийн авсан саналаас харахад МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдалтайгаар ялалт байгууллаа. Урьдчилсан байдлаар, санал өгсөн нийт 1,1 сая сонгогчдоос 800 мянга гаруй санал авч, 68 хувиар ялаад байгаа нь Оросод Путин 80 хувийн санал авдагтай бараг эн дүйцэхээр хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монголын бүх цаг үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хамгийн өндөр үзүүлэлттэй ялсан байна. 

Ийнхүү өндөр санал авахад МАХН-тай нэгдсэн явдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж болохоор. Хэрэв нэгдээгүй, МАХН-аас С.Ганбаатар гишүүн нэр дэвшсэн бол өнөөдрийн энэхүү амжилтыг "самарч" мэдэхээр байсан.

Ийнхүү асар өндөр үзүүлэлттэй ялж буй явдал нь нэг талаараа МАН болон нэр дэвшигч У.Хүрэлсүхэд асар их хариуцлага хүлээлгэж байна гэсэн үг юм. “Баялагтаа эзэн Монгол” уриагаа МАН амьдрал дээр хэрэгжүүлэн, баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртэнэ гэсэн гүн итгэлтэйгээр энэ олон сонгогчид У.Хүрэлсүхэд саналаа өгсөн байж таарна. Иймд тэдний “алт” шиг саналыг нандигнан хүндэтгэж, ард түмнийхээ төлөө “чөмгөө дундартал зүтгэнэ” гэх амлалтдаа хүрэх биз ээ.

“Зөв Хүн Электорат” Эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд, 240 мянга гаруй сонгогчийн санал авч 30 жилийн түүхтэй Ардчилсан намын нэр дэвшигчээс хамаагүй илүү үр дүнг үзүүлэв. Ингэснээр манай иргэдийн 20 хувь нь хараат бус, дэвшилтэт үзэлтэй хүмүүс байна гэдгийг илтгэн харуулж, хэдийгээр орон нутагт өөрийн гэсэн үүр хороод, сүлжээгүй ч гэсэн энэхүү ирж яваа цагийн 20 хувийг нэгтгэж чадсан нэр дэвшигч Д.Энхбат болон ХҮН намынханд иргэд талархалтай хандаж байна.

Ялангуяа хилийн чанадаас ирсэн дүн мэдээнээс харахад, нэр дэвшигч Д.Энхбатад харьцангуй илүү санал өгсөн нь гадаад явж  “юм үзэж нүд тайлсан” хүмүүс Монголын улстөрд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэхийг илүүтэй хүсэж байгаа бололтой.

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 70 мянга гаруй сонгогчийн санал авсан нь Монголын улстөрийн хоёр дахь том хүчин болсон энэ намын хувьд дэндүү чамлалттай үр дүн юм. Дүүрэг хороо, аймаг сум бүрт өөрийн намын салбартай, дэмжигчид олонтой энэхүү том намын зарим гишүүд нь хүртэл нэр дэвшигчдээ санал өгөөгүй явдал нь тус нам доторх хагарал хуваагдлаас үүдсэн нь тодорхой. Хэрвээ С.Эрдэнийн оронд Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл ч юм уу, өөр хэн нэгэн нэр дэвшсэн бол үр дүн нь арай өөр байх байсан болов уу.

Энэ удаагийн сонгуульд АН нийт сонгогчдын 5-6 хувийн санал авсан нь тус намд томоохон шинэчлэл явуулах хэрэгтэй болсныг илтгэсэн түүхэн сургамж боллоо. Одоо С.Эрдэнэ, Э.Бат-Үүл гэх мэт ахмад лидерүүд нь залуу үедээ байр сууриа тавьж өгөөд, тэдний зөвлөгч, халамжлан хүмүүжүүлэгч маягаар ажиллах цаг хэдийн болжээ. Энэ талаар өөрийн улстөрийн гол өрсөлдөгч хүчин болох МАН-аас туршлага авбал зохилтой.

Ер нь урд өмнөх сонгуулиудаас харахад, 2008-2014 онд АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн үед тус нам мандан бадарч явжээ. Өдгөөгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус нам доторх фракцуудын эвийг олж зангидан, сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ утгаараа Н.Алтанхуяг бол сонгуулийн сайн менежер юм. Харамсалтай нь, энэ удаагийн сонгуулийн өмнөхөн АН дотроо хуваагдан, Н.Алтанхуяг нарын олон гишүүд Төв талбай дээр өлсгөлөн зарлаж хэвтсэн явдал нь  С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн нь илт. Тиймээс ч сурталчилгааны 14 хоногийн хугацаанд Ардчилсан намын орон нутаг дахь ихэнх салбар хороод ямар ч үйл ажиллагаа явуулалгүй, нам гүм байсан нь эцсийн дүндээ ийнхүү цагаан хуудаснаас ч дор үр дүн үзүүлж, тус нам уналтын доод цэгтээ хүрснийг орон даяар зарлалаа гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан нам зоригтойгоор шинэчлэлт хийх цаг хэдийн болжээ! 31 жилийн түүхтэй нам арай ч ийм шившгийн байж болохгүй ээ.

Д.Мягмарсүрэн

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ