Шуурхай мэдээ



УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-11 16:16
  • 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр өнөөдөр (2021.06.11) нээлтээ хийлээ.  “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог юм.    

    “Илүү их уншъя” уриатай 29 дэх удаагийн номын баярыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Коронавирус (КОВИД-19)-ын халдварт цар тахлын амаргүй нөхцөл хэдий ч ном, соёлын зүтгэлтнүүдийн хүсэлтээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж энэхүү номын баярыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэв. Нөгөөтэйгүүр, амьдрал ахуйд тусаж буй цар тахлын бараан сүүдрийг номын  гэрлээр гийгүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гээд “Номын баярт оролцогч Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай” хэмээн уриаллаа.


    Үргэлжлүүлэн тэрбээр “Боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж, хүүхэд багачууд танхимд хичээллэх боломж нөхцөл багассан энэ үед нийслэлийн төв талбайдаа Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч, Чингис хааны одонт, Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, Монголын орчин цагийн уран зохиолын нэрт төлөөлөгч Г.Аюурзана, анхны номоо уншигч түмэндээ өргөн барьж буй залуу зохиолчид гээд Монголын утга соёлын үе үеийн бичгийн мэргэд, уншигч түмэн хуран цуглажээ. Өнөөдрөөс эхлээд гурван өдөр номын мэргэд маань цугласан жанжин Д.Сүхбаатарын талбайгаас номын гэрэл гэгээ цацрах нь.

    Улаанбаатар хотоо "Дэлхийн номын нийслэл” болгох, үндэсний ном соёлоо дээдлэн хөгжүүлэх гэгээн зорилго өвөртлөж тууштай зүтгэж байгаа Б.Сувд тэргүүтэй “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдэд халуун баяр хүргэе. Номын баярын оролцогч, дэмжигч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.


    Манай монгол үндэстэн бичиг соёлын агуу их түүхтэй, арвин баялаг уламжлалтай, ном соёлоо дээдэлдэг ард түмэн. Дэлхийн ном, соёлын арвин баян сан хөмрөгт монголчуудын оруулсан хувь нэмэр багагүй. Есөн эрдэнээр бичсэн судар шастирууд, нүүдэлчин монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэх үүргийг баринтаглан үлдээсэн “Монголын нууц товчоо” тэргүүтэй өвөг дээдсийнхээ үлдээсэн номын гайхамшигт соёлоороо бид бахархдаг. Бахархаад зогсохгүй уламжлан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах уншигч ард түмэн байх нь өнөө цагийн бидний үүрэг юм. Чухам тийм ч учраас Израйль зэрэг бусад улсын жишгээр хүн бүр өдөр тутам таваас доошгүй хуудас ном уншиж байх уриалгыг дэвшүүлсэн.

    Уншигч ард түмэн хөгждөг, уншдаггүй ард түмэн дэлхийн хөгжлөөс хоцордог. Иймээс улс орныхоо хөгжил, цэцэглэлт, Монгол хүнийхээ эрдэм боловсролыг тэтгэж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд, номын цонхоор дэлхий ертөнцийг харахын тулд уншицгаая гэж дахин уриалмаар байна” гэлээ.



    Хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийгээ энэрэн хайрлах, өрөвч нинжин сэтгэл, зүрх сэтгэлийн боловсрол, соёл, түүх, хүмүүнийг дээдэлдэг зөв тэгш хүмүүжилтэй буюу зүрх сэтгэлийн боловсролтой болгон хүмүүжүүлэхэд ном маш чухал үүрэгтэй гэдгийг ойлгон ухамсарлах нь Монгол Улсын ирээдүйн төлөөх эрхэм үйл хэрэг мөн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэлээ. Ийм учраас Улсын Их Хурал Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэж байгааг дуулгав. Түүнчлэн албан ёсоор “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-тэй болгож, жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэж байхыг хуульчлахаар холбогдох төслийг энэ хаврын чуулганаар батлахаар төлөвлөж буйг хэлсэн.

    Номын баярын нээж хэлсэн үгэндээ тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Соёлын яам шинээр байгуулагдсныг онцоллоо. Тус яамны үйл ажиллагааны нэг гол чиглэл бол ном эрдэм, үндэсний бичиг соёлоо дээдлэх, хадгалах, хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх, ном бүтээгчдээ дэмжих гэдгийг тэмдэглэн хэлэв.  Энэ бүхний үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага номын зүтгэлтэн, зохиолч, уншигчдын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд өрнөж, тэр хэрээр ном зохиол, үсэг бичгийн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт илүү эрчимтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.


    Сүүлийн жилүүдэд үндэсний монгол бичгээ сурах, дэлгэрүүлэх ажил ихэд дэлгэрч байгааг Г.Занданшатар дарга хэлээд, Улсын Их Хурал ч хуулийн эх “Төрийн мэдээлэл” сэтгүүлээ уламжлалт монгол бичгээрээ хэвлэн гаргаж буйг онцлон дурдсан.  

    Ном, соёлыг түгээн дэлгэрүүлэх уншигч ард түмэн болохын тулд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан e-book буюу цахим ном, аудио буюу сонсдог ном, тоон номыг Монголын номын соёлын хүрээнд эрчимтэй нэвтэрүүлэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглээд “Энэ хүрээнд Монгол Улсын нийт номын санг цахимжуулах хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын хувьд санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Төгсгөлд нь тэрбээр Монгол ном, Монголын уран зохиол дэлхий даяар түгэн дэлгэрч, номын цагаан буян Монгол түмний оюуныг гэрэлтүүлж байхын ерөөл дэвшүүлэв.






    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр 2021 оны зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох бөгөөд гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, шинэ номын нээлтүүд болно. Мөн түр номын сан ажиллаж, эцэг эхчүүдэд ном сонгох зөвлөгө өгөхийн  зэрэгцээ “Нэг номын сан” сайн үйлсийн аян өрнөж, хаягдал цаас хүлээн авах цэг ажиллах юм байна. Номын баярт Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, парламентын номын сан оролцож байгаа бөгөөд Үндсэн хууль болон хүний эрхийн боловсролын талаарх танилцуулгыг хийх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ