Шуурхай мэдээ



Монголын залуучуудын бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар хуралдав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-06-30 14:01
  • 0

Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилга хамтран “Монгол Улсад ногоон салбарын бизнесийг дэмжих замаар залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сэдэвт вебинарыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулав. Уг вебинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын захирал Сангхён Ли нар хүндэт зочноор оролцов.

Вебинарыг нээж Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ тогтвортой хөгжлийг хангахад даян дэлхийн хөгжлийн чиг хандлага болсон ногоон эдийн засгийг хөгжүүлэх, залуучуудын цахим мэдлэгийг дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг онцлов.

Вебинарт холбогдох яамд, төрийн байгууллагууд, олон улсын хөдөлмөрийн салбарын шинжээчид зэрэг 70 гаруй төлөөлөгч оролцож, ногоон салбарт залуу бизнес эрхлэгчдийг дэмжих цогц бодлого, зохицуулалтыг бий болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Вебинарын үеэр залуу бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт, тэдгээрийг шийдвэрлэх сайн туршлагуудын талаар ОУХБ-ын Ногоон ажлын байр, шударга шилжилтийн асуудал хариуцсан төслийн зохицуулагч Др. Кристина Мартинес, Сиднейн технологийн их сургуулийн Тогтвортой ирээдүйн институтийн судалгаа хариуцсан захирал Др.Саманта Шарп нар илтгэл тавив. Мөн ОУХБ-ын төлөөлөл Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөг шийдвэрлэх бодлогын хүрээнд тусгагдсан асуудлуудаа танилцуулав.

Вебинарын төгсгөлд оролцогчид “Залуучуудын ногоон бизнес эрхлэлтийг хөгжүүлэх”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг албан салбарт шилжүүлэх”, “Залуучуудын цахим ур чадварыг хөгжүүлэх” сэдвүүдийн хүрээнд 3 багт хуваагдан тухайн салбарт тулгамдаж буй сорилт, шийдвэрлэх гарц, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар санал бодлоо солилцов.

Энэ удаагийн вебинар нь холбогдох яам болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс ОУХБ болон Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилгын багтай ногоон ажил эрхлэлтийг дэмжих, мэдээлэл солилцооны платформд суурилсан хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ