Шуурхай мэдээ



Өршөөл үзүүлэх тухай болон бусад хуулийг баталлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-07-03 15:06
  • 0

Хөдөлмөрийн тухай, Кино урлагийг дэмжих тухай, Соёлын тухай хуулиудыг баталлаа

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.02) нэгдсэн хуралдаан 14 цаг 19 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр танилцуулсан бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явууллаа. Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь буюу Улсын Их Хурлын 45 гишүүн дэмжснээр хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах зорилт бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 23 төслийг батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, батлав. 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсэг гурван жилийн турш тасралтгүй ажилласны эцэст өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэллээ.

Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн манай улсын 1.1 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг ийнхүү баталж байна. Төслийн талаар ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудтай зөвшилцөл, өргөн хэмжээний хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь өндөр үр дүнтэй болсныг Г.Занданшатар дарга онцолж байв. Хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдах юм. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаа дахь эрх, үүргийг тэнцвэржүүлэх, хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгох, цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлийн дагалдангаар ажиллах, суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтойг онцлоод Нийгмийн бодлогын байнгын хороонд хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулан, хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов.


    Дараа нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 58 гишүүний 70.7 хувь буюу Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжснээр Монгол Улс түүхэндээ анх удаа кино урлагийн тухай хуультай боллоо. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэг бүрчлэн батлах санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ төрлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилга анх 2010 онд гарсан бөгөөд 2021 оны холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, 2015 онд төсөл боловсруулах ажил эхлэн, 2019 онд Улсын Их Хурлын гишүүн, тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг бодит ажил хэрэг болгож, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байжээ.

    Соёл урлагийн салбараас “хамгийн агуу” хэмээх тодотголтой кино урлагийн салбар манай улсад үүсч, хөгжөөд 90 орчим жил болж байгааг Улсын Их Хурлын дарга дурдав. Монгол киног дэлхийн түвшинд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, тус салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх чухал зорилт. Түүнчлэн монгол эх орон, соёл түүхээ сурталчлах, иргэдийн үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд энэхүү хууль чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр хэлээд салбарын нийт хамт олонд амжилт хүслээ.

    Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах санал хураалтаар хуралдаан үргэлжлэв. Улсын Их Хурлын 54 гишүүн буюу чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжснээр төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын үүрэг, эрх, эдийн засгийн үндсийг  тогтоохтой холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулах зорилт бүхий Соёлын тухай хууль батлагдав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлан санал хураалтуудыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэлээ.      

    Монгол Улсын Засгийн газрын бүтэцд олон жилийн дараа Соёлын яам байгуулагдсан. Улмаар Улсын Их Хурал Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж байгаа нь өв соёлоо хадгалан хамгаалах, бүтээлчээр хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх замаар үндэсний бахархалыг сэргээн бадраах, улмаар монгол соёлын дархлааг бүрдүүлж, монгол соёлоор дамжуулан дэлхийд сурталчлах төрийн бодлого батлагдаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор явууллаа

    Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 48 гишүүн дэмжин, хуулийг баталсан. Хамт өргөн мэдүүлсэн төслийг батлах санал хураалтыг явуулан шийдвэрлэсний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нар 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 24- ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан үг хэлсний дараа төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 64 гишүүн оролцсон бөгөөд 64.1 хувь нь буюу 41 нь дэмжснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдав. Үүгээр жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаргийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болгон тэмдэглэх боллоо.


    Дараа нь Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэх Б.Пүрэвдорж гишүүний саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хаалттай горимд шилжсэн.

УИХ-ын тогтоолыг баталлаа

    “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт томилгооны сонсголын нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батална гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

    Тогтоолын төсөлд томилгооны сонсголын товыг тогтоох, нэр дэвшигчээс холбогдох мэдээллийг гаргуулан авах, нэр дэвшигчийг судлах зорилгоор Байнгын хорооны шийдвэрээр хараат бус шинжээч томилох, сонсголд оролцогч, ажиглагчийг бүртгэх, сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэх, сонсголыг зохион байгуулах, сонсголын дэгийг нарийвчлан зохицуулах, сонсголын тайлан гаргах зэрэг асуудлыг тусгажээ.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 41 нь буюу 65.2 хувь нь дэмжснээр “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч дараах саналыг Улсын Их Хуралд ирүүлжээ.


    1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;

4. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг;

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;

15. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;

16. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг;

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;

18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;

19. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;

20. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;


21. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;

22. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;

23. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;

24. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг тус тус томилуулахаар тусгажээ.

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татсан юм.


    Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Консулын газрын статусыг дээшлүүлж Элчин сайдын яам нээж ажиллуулахаар, мөн Улсын Их Хурлын 2019 оны 79, 80 дугаар тогтоолуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларуь Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан эдгээр улсад суух Элчин сайд нарыг томилох саналыг боловсруулсан байна.

    Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.


Элчин сайдад нэр дэвшигчдийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан, нэр дэвшигчдийн талаар байр сууриа илэрхийллээ. Суугаа болон хавсран суугаа улс орондоо дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг нэр дэвшигчдэд захиад энэ асуудалд салбарын яам хяналт тавьж, дипломат ажилтнуудынхаа хариуцлага сахилгыг сайжруулах, дипломат ёс зүйг чанд сахиулахад анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Түүнчлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, оюуны экспортыг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулах, гадаад улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж ажиллах, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нэр дэвшигч бүр анхаарах чиглэл өгч байв.

    Ингээд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулав. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилох тухай саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилох тухай саналыг 75.8 хувийн саналаар дэмжив. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг томилох тухай саналыг 79.1 хувийн саналаар, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилох тухай саналыг гишүүдийн 73.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилохыг 82.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг томилохыг 79.1 хувь нь, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилохыг 80.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилохыг 80.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилохыг 79.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг томилохыг 77.6 хувийн саналаар тус тус дэмжсэн.


    Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг томилохыг 79.1 хувь, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилохыг 83.6 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг томилохыг 85.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилохыг 73.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилохыг 86.6 хувь нь, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилохыг 86.6 хувь нь,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилохыг 64.2 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилохыг 83.6 хувь нь, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг томилохыг 85.1 хувь нь, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилохыг 86.6 хувь нь дэмжлээ. Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний олонх дэмжсэнгүй. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилохыг 86.6 хувь нь, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг томилохыг 82.1 хувь нь, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилохыг 72.3 хувь нь тус тус дэмжлээ. Иймээс Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.


Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа

    Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн гэв. Тус Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, хуралдаан даргалагчаас анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хэлэлцэн, зарчмын зөрүүтэй 7 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

    Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 49 гишүүн дэмжснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан тоон мэдээг Улсын Их Хурлын дарга дурдав.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.


    Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл гэв. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн болохыг Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.


    Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.

    Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.


    Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Тус Байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргажээ. Эл саналыг гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 49 гишүүн дэмжснээр баталсан юм.

    Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Энх-Амгалан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


    Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.4 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 75 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ