Шуурхай мэдээ



“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн оролцогчдод батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2022-12-20 11:15
  • 0

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран "Парламентын Боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

 

Уг дэд хөтөлбөрийг 2022 оны 08 дугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд үйл ажиллагаа явуулж буй 61 монгол сургуулийг төлөөлсөн 102 багш хамрагдсан юм.

“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт амжилттай оролцсон багш нарт батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2022.12.19) боллоо. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Батбаатар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Т.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал болон тус хөтөлбөрт оролцсон багш нар, зарим ерөнхий боловсролын сургуулийн удирдлага оролцсон юм.

 


 

Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулах, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.

Улсын Их Хурлын Тамгын газраас өсвөр үеийнхэнд зориулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрөөр ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрын талаарх мэдлэг олгох, шийдвэр гаргахад оролцох чадвартай, хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгааг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан үйл ажиллагааг  нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах сургагч багш нарын сүлжээ бий болж, харилцан туршлага солилцох механизм бүрдүүлэх эхлэлийг тавьж буйгаараа онцлог гэв.

 



 

Дэд хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн сарын хугацаанд багш нарын дунд “Хамтран суралцахуй”, “Идэвхтэй сургалт ба сурахуй”, “Мэтгэлцээний арга зүй” сэдвийн хүрээнд 3 удаагийн арга зүйн сургалтыг зохион байгуулжээ. Мөн сургагч багш нар болон харьяа сургуулиудын 700 гаруй сурагчийг Төрийн ордонтой танилцах аялалд хамруулсан байна.

 


 

“Парламентын боловсрол-Сургагч багш” батламж гардуулах ёслолын арга хэмжээний үеэр шилдэг багш, шилдэг багуудыг тодруулж, урамшууллаа. Шилдэг багшаар нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Л.Мишигжав (92.1 оноо), нийслэлийн 141 дүгээр сургуулийн багш Б.Баярмаа (89.7 оноо), нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш Д.Дэлгэрмаа (88.3 оноо) тус тус шалгарч, гадаадад парламентын боловсролын талаарх туршлага судлах хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав.

 


Хөтөлбөрт хамрагдсан 102 багшийг 10 багт хувааж, сургалт-нөлөөллийн ажлуудыг хийсэн бөгөөд шилдэг багаар 2 дугаар баг, 5 дугаар баг, 6 дугаар баг тус тус шалгарлаа. Дараа нь Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцууллаа. Тэрбээр, энэхүү хөтөлбөрт 9 дүүргийн 62 сургуулийн 102 багш, хоёр төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдсан. “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан 14 сэдвийг сургалтдаа ашиглаж, үндэсний хэмжээнд 6000 гаруй хүүхдэд хүргэсэн. Мөн хөтөлбөр хамрагдсан есөн багш сургууль дээрээ сурагчдын мэтгэлцээний клубийг байгуулсан гэдгийг тодотгов.

 


 

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Хүүхэд, залууст парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгож, ардчилсан иргэний оролцоот нийгмийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Цаашдаа сургагч багш нарын үйл хэрэг улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачилсан Улсын Их Хурлын Тамгын газар, энэ хөтөлбөрийг боловсруулахад оролцсон бүхий л эрдэмтэн багш, судлаач, сургуулийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Хөтөлбөрийн зорилго нь парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэн ба парламентын хоорондын эерэг харилцааг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэдийг төлөвшүүлэх гэж тодорхойлсон. Үүний дагуу хөтөлбөр боловсруулагчид сүүлийн хоёр жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажилласан. Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны сайн жишиг болсон гэж үзэж байна. Энэхүү хөтөлбөрийг цаашид олон нийтэд түгээхэд сургагч багш нарын үүрэг оролцоо их юм. Парламентын ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлж чадсан улсын хөгжил тэр хэрээр сайн байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус төрийнхөө үйл хэрэгт оролцдог, үзэл бодлоо илэрхийлж чаддаг болоход парламентын боловсрол чухал юм” гэлээ.

 


 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Хүнийг өөрчлөх хамгийн гол зүйл бол харах өнцгийг нь өөрчлөх юм. Бидэнд дэлхийн иргэдийг бэлтгэх, төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага байна. Ард түмний  засаглах эрх бол ардчиллын үнэт зүйл. Ардчиллаа хамгаалах, хөгжүүлэхэд хойч үе маань суралцаж, боловсорч, хүмүүжих ёстой. Үүний тулд ардчилал түүний үнэт зүйлс гэж чухам юу болох талаар суралцаж, хүний эрх, эрх чөлөө, засаглал, парламентын талаарх ойлголттой болж, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох чадварыг хүүхдүүдэд олгох нь нэн чухал юм. Сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдах нэг хэрэг. Хамгийн чухал нь сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх, бусдад түгээх хэрэгтэй. Боловсролын салбар бол нийгэмд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Энэ боломжоо ашиглаж, шийдвэр гаргах үйл явцад оролцох, илүү сайхан ирээдүйг бүтээх үйл хэрэгт залуу багш нар маань идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

 


 

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн багш Н.Үүрийнтуяа, "“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт хамрагдсандаа туйлын баяртай байна. Парламентын боловсролын хөтөлбөрөөр дамжуулан сурч, мэдсэн шинэлэг арга зүйгээр хүүхдүүдэдээ ардчиллын үнэт зүйлийн талаар мэдлэг, мэдээлэл өгч байна. Энэ хөтөлбөрийн санаачлан зохион байгуулсан, дэмжлэг үзүүлж ажилласан бүх хүмүүст талархаж байгаагаа хэлмээр байна. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Энэ танхимд байгаа 100 гаруй багшаар дамжуулан олон мянган сурагчийн оюунд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалтыг зохион байгуулагчид маань хийлээ. Өнөөдрийн энэхүү батламж гардуулах үйл ажиллагаа бол хаалт биш. Харин “Парламентын боловсрол”-ыг түгээн дэлгэрүүлэх эрхэм багш нарын маань цаашдын ажил үйлсийн эхлэл юм. Нийт багш нартаа ажлын амжилт хүсье."

 

 

Нийслэлийн 35 дугаар сургуулийн багш Д.Отгонбат, “Үндсэн ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлж, мэргэжил нэгт багш нартайгаа хамт мөр зэрэгцэн харилцан суралцаж, хамтарч ажилласандаа баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд сургагч багш нараасаа, үе тэнгийн багш нараасаа олон зүйлийг сурлаа. Хувь хүний хөгжил, хандлагад маань маш том өөрчлөлт гарсан." хэмээв.

 


 

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Б.Булгамаа, “Олон шинэлэг арга зүй, туршлагаас суралцаж, хичээл сургалтдаа ашиглаж байна. Парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлсэн үр өгөөжтэй сургалтад хамрагдаж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадсан. Мөн багаар ажиллах, мэтгэлцэх болон манлайлах ур чадвараа нэмэгдүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 6-12 дугаар ангийн сурагчдын нийгэм, иргэний ёс зүйн боловсролын хичээлийн агуулгыг баяжуулж заасан. Үүний үр дүнд сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамгаалах байдал сайжирч, парламентат ёс, ардчиллын үнэт зүйлийн талаарх мэдлэгтэй болсон. Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье." гэлээ.

 


 

Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Л.Мишигжав, ""Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөр нийгмийн хэрэгцээ шаардлага нийцсэн, цаг үеэ олсон чухал хөтөлбөр байлаа. Парламентын боловсролыг түгээх хамгийн чухал хүмүүс нь сурган хүмүүжүүлэгчид юм. Тэр дундаа нийгмийн ухааны багш нар байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байгаа. Шинэ залуу үеийн багш нарын тулгамдаж буй асуудлыг олж, бидэнд үнэ цэнтэй мэдлэг, туршлага, арга зүйг зааж сургалаа." хэмээлээ.

 


 

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, “Таван аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээний иргэд гадаадад ажиллаж, амьдарч байна. Хилийн чанадад 60 орчим сургуульд 300 орчим багш нар ажиллаж байна. Хилийн чанад дахь сургуулийн багш нарыг “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт хамрагдах боломж олгосонд баяртай байна. Гадаадад байгаа багш нараар дамжуулан хүүхдүүдэд парламентын боловсрол олгож, ардчиллын үнэт зүйлийг таниулж байна. Бидэнд одоо ямар нөөц боломж байна, цаашид яаж өсөн дэвжих боломжтой байгааг сургалтын явцад олж харсан. Гадаад байгаа монгол сургууль, Монгол дахь ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, багш нарыг урт богино хугацааны сургалтад хамруулах зэрэг олон ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бүрэн боломж бий." гэлээ.

 


 

Энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Батбаатар хааж үг хэлсэн.

 


 

“Энэ хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ухааны чиглэлээр 3-7 дахь жилдээ ажиллаж байгаа 100 гаруй багш хамрагдсан. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар идэвх, санаачилгатай оролцсон шилдэг багш нарыг гадаад улсад туршлага судлах сургалтад хамруулах амлалт өгсөн. Шилдэг багш нарыг тодруулахдаа сургалтын үйл ажиллагаа, нөлөөллийн ажил, мэтгэлцээний тэмцээн, эсээ бичлэг гэсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан.

Залуу багш нарт сайн сайхныг бүтээх, шавь нараа хамгийн эрдэмтэй хүн болгох эрмэлзэл дүүрэн байдаг. Парламентын боловсрол олгох сургагч багш болон бэлтгэгдэж буй явдал нь залуу багш нарын хүсэл эрмэлзэл дээр гэрэл гэгээ нэмсэн гэж бодож байна.

Улс орон нь хөгжин цэцэглэсэн, ард түмэн нь аз жаргалтай, амар тайван нийгмийг байгуулахын төлөө Монгол хүн бүрийн зүрх цохилж байгаа гэж боддог. Сүүлийн хэдэн жилд үүн рүү тэмүүлсэн эрмэлзэл, тэмүүлэл илүү бодитой, хүчтэй болж байгаа гэж харж байгаа. Эрх зүйт төр гэж юу вэ, парламент гэж юу вэ, яагаад УИХ-ын гишүүн сонгогддог вэ, тэр хүн юу хийдэг вэ, бид өөрийн төлөөллийн эрхээ эдлэхийн тулд юу хийх вэ гэсэн мэдлэг, мэдээллийг өсвөр үеийнхэн, залуучуудад олгох зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Тэдэнд өөрсдийн олж авсан мэдлэг чадварын хүрээнд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог, санал бодлоо илэрхийлдэг болоход туслах хөтөч нь сургагч багш нар юм. Энэ асуудалд цөөн хүн санаа тавьж байсан бол өнөөдөр 100 багшаар бүл нэмж байгаад баяртай байна. Сургагч багш нартаа ажлын амжилт хүсье." хэмээсэн. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулийн шинэчлэлд саналаа өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж, үүнд сургагч багш нарын манлайлал чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 


 

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ