"МОНГОЛ ТУУЖ" УРАЛДААНД 3-Р БАЙР ЭЗЭЛСЭН БҮТЭЭЛ /Цаа маллагч нүүдэлчин отог омгийн түүх домог/
Анч эрийн дотнын нөхөр нь ахмад Шнайдер. Ширүүн төрхтэй энэ нөхөр зодуур, тамлал, ажлын хүндийг өөрийн хүчээр давсан хэмээн сайрхах хэдий ч хэн нэгэн түүний тухай дурсдаггүй.Коминтернийн зүтгэлтэн орос хэлийг гойд эзэмшсэн гэж өөрийгөө байнга л дөвийлгөнө. Иоханы Вольфранг Фон Гёте хэмээн өндөр дуугаар цээжнийхээ гүнээс хүнгэнүүлэн түүний зохиосон гэх дуу шүлгийг уншихад түүний энэхүү үйлдлийг анзаарах хүн бараг л үгүй. Онолч эрийн хүзүүнийх нь судас гүрэлзэн тэрүүхэндээ омог бардам төрх үзүүлнэ. Өтгөн үсэрхэг хөмсгөө зангидах дүр харуулснаа төд удалгүй царайгаа төлөв болгонШуурга ба түрэлт хөдөлгөөнийг та нар сонсож байв уу гэхэд нь хэн ч үл дуугарна. Энд бие биестэйгээ халуунаар ярилцах нь ховор тус бүрдээ л өөрсдийнхөө зовлон зүдгүүрт зовхи нь дарагдаастай. Гэвч өөрийгөө марксист онолч гэж үргэлжид сайрхахаас анч эр залхдаг авч одоохондоо түүнээс илүү сайн ханддаг хүнийг энэ үхлийн цэгээс олоогүй. Онолч эр орж ирэх бүртээ ёс мэт хоёр ширхэг тамхи илүүчилнэ. Энэ үйлдэл анч эр гэхээс илүү хамт хоригдогсдод таатай зүйл болж хувиран онолч эрийг гарангуут олзоо хуваахаар энд тэндээс сурамгай гэгч босож ирцгээнэ. Магадгүй тамхи татах дуршлаа түр ч атугай баярлуулах нь тэдний хувьд хамгийн таатай үйлдэл ч байж мэдэх юм. Энэ мөч бол анч эртэй цуг нэг өмхий оромжинд толгой хорогдсон эрчүүдийн биедээ үзүүлэх найрсаг зан төрхийн илрэл гэмээр харагдана.
Ахмад Шнайдерийг сүүлийн хагас жилд л сүүлээ сөхдөг болсон гэж манайхан муучлах аядана. Түүнийг хоолны мухлагийн цэвэрлэгээг хариуцдаг болсныг түрүүчийн долоо хоногт хоол зөөж явах үедээ анч эр мэджээ. Огтоос үг дуу гаргадаггүй анч эр мэтийг хэн ч тоохгүй, харж үзэхгүй. Хаа нэгтээ хоол хүнс зөөх, түлээ мод хагалах зэрэг багшаархан ажилд томилох нь дээд зэргийн туст үйл явдалд тооцогдоно.Өдөр хоногийг арай чарай өнгөрөөж аядах хоригдлуудын хувьд ажлын хөнгөлөлт бол их аз завшаан. Хааяадаа өмхий төмөр хувин барилан согтуу харгалзагчийн гоожуурыг тосох нь уул тайгын хүний хувьд ой гутам зүйл. Зодуулаад хэвтэрт орсон нь дээр гэж бодох авч анч эрд аз дайрч сүүлийн саруудад ийм шийтгэл тохиогоогүй. Ахмад Шнайдерийг л үүнд зөвтгөж бодно. Онолч эрийг гараад хаалга хаагдахтай зэрэгцэн -Босоод муу новшнууд аа гэх дуу нэг хананаас нөгөө хананд хадаж зандалчин бага дарга нар нойрмог хоригдол эрсийг өшигчиж чирч гулдран хараалын үг урсгаж эхэллээ. Адраас үл мэдэг ёлтойх дэнгийн ядмагхан гэрэлд хоригдлууд арайхийн бие биенийхээ дүрийг харахтай болж нэгэндээ зай гаргаж жагсах аядан цуваанд орно. Ихэнх эрчүүдийн нүүр хөлдөж шарх сорви нь задарсан нь царай дүрсээр нь биесээ танихад амаргүй. Хөлөө л хөлдөөчихгүйг хичээнэ. Нүүр, чих, гарын ар хайрагдах зэрэгт огт эмзэглэхээ больжээ.
Өмхий үнэр нь нэгширч дайртсан энэ хорих газарт хоригдогсодын ихэнх нь уугуул оросууд, халимагууд гэх авч герман, өвөрмонгол басхүү чухам ямар үндэстэн нь мэдэгдэхгүй хэнтэй ч ярьдаггүй харьцдаггүй ганц нэг хүн байх.Мөн Буриад, Монгол хүмүүс бас цөөн тоогоор ял эдлэж байлаа.Энд хоригдогсод бүгд ажилд гарах ёстой боловч цөөн тооны хүний тоо бөглөх төдий эрчүүд өдрийн турш үүгээр түүгээр холхиж уйдагмаглана. Хөндлөнгөөс харсан хэн боловч тэднийг уйдсан гэх авч үнэндээ тэд өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй нөхөд. Албан газрын удирдах дарга нар, тогооч, галч, эмч зэрэг тусгай мэргэшлийн хүмүүст хөөгдөн ад үзэгдэнэ. Хорих газрын урагшаа харсан том модон хаалганы хоёр талд буутай зогсож өнжих харгалзагчид манаа эргүүлийн нөхөд тэднийг ганц нэгээр нь хөөж тууж хоригдлуудын шөнийн туршид толгой хоргодох оромжинд оруулж сарампай хаалгыг нь хаах боловч самархай оромжны хаа нэгтээгээр гараад л ирнэ. Хүний хэлсэн ярьсныг ойлгохчоо аядах нэгэнд нь тушаал заавар өгч түлээ түлш бэлтгэгч хүмүүст туслах болгодог байсан авч бараг л жилийн өмнө хоригдлуудын шөнийн оромжнуудын хамгийн зүүн талынхыг галдаж бөөн ажил удсанаас үүдээд тэдэнд ажил алба даалгахаа больж зүгээр л сулд нь орхисон хэрэг.Өөрийн ухаан мэдрэлгүй болсон гэх оноштой хүмүүст хорих газрын зүгээс тусгай шалгуур сорилт явуулна. Сорилт явуулах чамгүй олон арга байдаг авч түүнийг давж гарсан цорын ганц нэг нөхөр үүгээр өөртөө эрх чөлөөний хуудас олгон дур зоргоороо тэнүүчлэнэ. Оргомж нэртэй өвөрлөгч эр. Ачигдаж ирснээсээ хойш их удалгүй тохиосон их тамлал яргаллын үеэр тэр зүгээр л галзуурч орхисон.Модны үртэснээс бусад бүхий л зүйлийг хаа тааралдсан газраас нь хамаад амандаа чихнэ. Гал тогоо гэх бидний хэзээ ч шагайж үзээгүй модон байшингийн үүд хаалгыг эвдэж ороод том тампуун уут бүхий гурилыг үүрч гаргаад тал хагасыг нь асгаж үлдсэн хэсгийг нь зүгээр л амандаа эг маггүй чихэж хахаж цацан ухаан алдсан байхыг нь Хидаан олж оромжиндоо оруулан хэвтүүлсэн боловч түүхий гуриланд гэдэс нь хий дүүрч хоёр өдөр шөнө орь тавиад тэгсгээд л дуу чимээ намжсан гэх галзуу эрийг солиорсон ухаан мэдрэлгүй болсон гэж үзэх болсноос хойшхоригдлуудыг хариуцаж гардан ажилладаг бага дарга нар олон сорилтонд оруулсан гэдэг. Өөрсдийгөө галзуурсан хэмээн бусаддаа итгүүлэхийг хүссэн хоригдол эрчүүдийн ихэнх нь дараах сорилтонд унадаг. Галзуурсан хоригдлуудыг бусдаар нь чирүүлж ирүүлээд цээжин бие рүү нь хуруугаа хатгаж оруулах дүр үзүүлээд гарынхаа алган дээр цус нөжтэй хутгалдсан хиймэл зүрхийг булгиллуулж үзүүлээд, -Май энэ чиний зүрх. Би сая суга татаад гаргаад ирлээ гээд цаашаа алхах дүр үзүүлэхэд жинхэнэ солиорсон нэгэн бол араас нь сарвагнаж-Миний зүрхийг өгөөч гэж зүтгэх ба зарим нэг нь би зүрхгүй амьдарч чадаж байна та нар харцгаа гэх зэргээр орилж галзуу солиотой болсноо баталдаг. Энэ бүх маш олон аргуудыг ганц Оргомж л давсан гэдэг. Нэгэн өдөр үд хэвийсний хойхно эмч бага дарга түүнийг өрөөндөө дуудан ирүүлжээ. Ирүүлэх ч гэж дээ тэр өөрөө яваад очиж чадахгүй. Тиймээс хэн нэгэн хөтлөж очих хэрэг болно. Эмч бага дарга шоолонгуй төрхөөр удаан ширтэж байснаа- Оргомжоо чи өглөө манай баасны байшинд тэр...тэнд гэж хэлээд ялгадас асгадаг газрын зүг хуруугаараа зааж, -Хүүхдээ гаргачихсан байна лээ. Хүүхдээ шүү дээ гэхэд мань эр ихэд сандран бүхий л биеэ барилж үзэн тэрүүхэндээ л мэгджээ.Эг маггүй хөхөрч элэг нь хөших шахсан эмч бага дарга хажуудах нөхрийг нь занган ширээн дээрээс цаас авч өгөөд,-Чи яваад үүнд наадахынхаа хүүхдийг боогоод ир. Манай Оргомжийн хүүхэд их том байх ёстой шүү гэж инээдээ барьж ядан байв.
-Май энэ чиний хүүхэд. Ингээд идчих. Тэгээд хүүхэд чинь чиний гэдсэнд орчихно. Идэж чадна биз дээ. Гэхдээ хүүхдээ хувааж идэж болохгүй биз дээ хэмээн түүнд ойртуулахад тэрээр огт цааргалахгүйгээр үл барам хоромхон зуурт аваад амандаа хийгээд савируулан идэж эхлэхэд тэнд байсан бүх хүмүүсийн инээд алдсан шоолонгуй дүр төрхүүд хувирч харц буруулж эмч бага дарга-Юугаа хүлээсэн юм бэ. Наад галзуугаа хурдан аваад зайлаач гэж орилжээ.Энэ явдлаас хойш мань эрийг бүрэн солиорсон гэдэгт итгэв. Галзуу солиотой хүмүүс зодуурыг юман чинээ бодохгүй. Өлсөхийг ч тоохгүй. Тэд өвдөх, өлсөх зэрэг энгийн хүний хүлээж авдаг мэдрэмжүүдийг огт хүлээж авахаа больсонд л хамаг учир оршино. Түүхий гурил идээд орь дуу тавьж хоёр хоносных нь дараа эмч бага дарга дуудаж эргэлзээгээ арилгахын тулд мөнөөх өтгөнийг нь идүүлэх аргыг сориод бууж өгчээ. Галзуу хүн хүртэл орь дуу тавихаар түүний биед тэсвэрлэшгүй аймшигтай өвдөлт мэдрэгдсэн нь ойлгомжтой. Мод ачиж байгаа хоригдлуудын дундуур зүтгэж байгаад эрхий хуруугаа модонд тас цохиулсан тэрээр огт тоогоогүй. Дуслах цусыг нь долоогоод санжганасан хуруугаа хүмүүст үзүүлээд л маасайгаад явж байхтай эмч бага дарга таарч эмнэлгийн тусламж үзүүлсэн юм даг.Өөрсдийгөө ч аргилж үл дийлэх хоригдол эрчүүдийн ихэнх нь түүнийг ад шоо үзэхагаад заримдаа хэрэгтэй зүйлдээ ашиглачихдаг байсан юм. Хорих газрын агуулах болох газар доорх үл мэдэх байгууламжийн хаалга нээгдэхийг амдаж байгаад нярав бага даргын тамхины хангамжаас түүнээр хулуулна. Тамхийг нь булаагаад зугтчих түүний араас хараал тавин үлдэх бага даргыг харж бид бах таваа хангах ч энүүхэнд. Бүх бурууг түүнд тохох боловч энэ арга нь зарим нэгэн бага дарга нарт ашигтайгаар эргэдэг байж болох юм.Тэр тамхинд хачин дуртай. Цаасны өөдөс олж тамхины үйрмэг боож өгөөд аманд нь зуулгачихна. Тамхинаас өөр зүйлийг хулгай хийлгэх гэж хэрдээ хичээвч мөнөөх эр огт хөдлөхгүй ойлгохгүйд нь эгдүүцэж зарим нэгэн нөхөд бөгсөнд нь гутлын хоншоор зоох боловч тэр огт хайхрахгүй нүүр царайны хувиралгүй бүр эргэж ч харалгүй явж одно.Хүнхэр том хар нүднийх нь дээрээс хөмсөгнийх нь үс нийлэх шахам үргэлжилж шаргал царайд нь гуниг зовлон үл тодорно. Үлэмж биеийг нь халхлах хувцас барагтай бол олдохгүй. Хоригдлуудын том биетэй нь хувцсаа илүүчлэх боловч ууц нурууг нь далдлах зүйл ховор. Мод ачихаар ирсэн машины орос жолооч нар түүнд их сайхан хандана. Тэдний ирэхийг мөнөөх эр ч андахгүй. Эрүүл хүнд олдохгүй хүнс хоолоор дайлуулж бас болоогүй архи үнэртүүлчихсэн хүн бүхний зүгт ярсайтлаа инээж унаж тусаж явах нь бий.Сэтгэцийн өвчтэй хөөрхий эр эмэгтэй хүнийг ад үзэж гарт тааралдсан зүйлээрээ цохиж алах дөхдөг тул хорих газрын бүсгүйчүүл нүдэнд нь огт харагдахгүй бөгөөд бүгд л тэгсгээд төв рүү явж одсон. Өнгөц харсан хэн боловч эндхийн хамгийн сайхан залуу гэдгээр мөрийцөхөд ч бэлэн түүнийг нэгэн модны ачлаганы үеэр мөнөөх тансаглалдаа умбаж марсайтлаа инээж явах үед нь зүрхнийх нь хий хөдлөсөн бага дарга шоронгийн харгалзагч эр буудчихсан юм. Түүнийг амь тавих үед өвөрлөгч эр Хидаан ихэд гашуудан ажлынхаа хувцасны ханцуйгаар нүүрээ даран тонгойж доош удтал сууж билээ. Эхний жилүүдэд бүгд л нутаг усаа ярихыг хичээж тал тохой татах гэх боловч удалгүй тамлал яргалалын зовлонд сөхөрч биесээ огт хайхрахаа больсон юм.../Үргэлжлэл бий/
Зохиолч Ч.Дагмидмаа
Сэтгэгдэл үлдээхНийт: 5
Зочин 202.55.188.xxx
bayarlalaa
Зочин 112.72.11.xxx
bayarlalaa
Зочин 112.72.11.xxx
Өвөрмөц гоё зохиол байна таалагдлаа
Зочин 112.72.11.xxx
Баярлалаа
Зочин 112.72.11.xxx
Гоё зохиол юм аа
Санал асуулга
Хорт хавдар залуужиж байгаагийн гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Бидэнтэй нэгдээрэй
Жиргээ
Tweets by mmnews_mn