Шуурхай мэдээ



Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-07 09:31
  • 0

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /2021.04.06/ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:

“Байнгын хорооны гишүүд ээ,

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндсэн бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьж, 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр “Хориг тавих тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээсэн.

Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн цэцийг байгуулах, түүний гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд Улсын Их Хурал дур зоргын байдлаар хандах, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж байна.

Тухайлбал, Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл …анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтыг эрх бүхий байгууллага хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр зааж, эгүүлэн татах саналаа Улсын Их Хуралд тавихаас биш Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчсөн тул санал болгож томилуулсан хүмүүсийнхээ аль нэгийг нь эгүүлэн татъя гэх байдлаар санал тавих боломжгүй нь тодорхой юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох болон томилох бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн үүний нэгэн адил хэрэгжих ёстой. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдийн аль нэгнийх нь оронд энэ хүнийг томилоорой гэдэг тал зассан, тодорхойгүй саналаар асуудлыг шийдвэрлэх нь хуульт ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна.

Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүйгээр байгуулах нь санал болгох болон томилох эрх бүхий байгууллагуудын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Харамсалтай нь өнөөдөр Улсын дээд шүүх нь санал болгох бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуульд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна.

Энэ бол сайн зүйл биш. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээр нам ноёлж, Үндсэн хуульт ёс гажуудан, “засаг төр”-ийн тогтолцоо “нам төр”-ийн тогтолцоонд эргэн шилжиж, дарангуйллын дэглэм алгуурхан боловч тууштай сэргэж байгаагийн нэг тод илрэл гэж үзэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан.

Энэ хүрээнд манай Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн. Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үзэмжээрээ томилж, чөлөөлөх эрхийг Улсын Их Хуралд холбогдох хууль нь олгоогүй бөгөөд үүнийг Улсын Их Хурлын бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээс тодорхой харж болно. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын Их Хурал зөвхөн Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд заасны дагуу санал болгох бүрэн эрх бүхий байгууллагынх нь саналаар томилж, чөлөөлнө гэдэгтэй маргах аргагүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн …25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан тул Ж.Эрдэнэбулганыг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биш Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь гаргаж, илэрхийлэх нь хууль ёсны болно.

Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа болж байдаг Үндсэн хуулийг чандлан сахиулах үндсэн үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, аливаа маргаангүй байгуулах нь Улсын Их Хурлын үүрэг юм.

Тиймээс Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авч, Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд шууд хамаарч байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгооны асуудлыг зохих хууль, журмынх нь дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлсэн боловч нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллуулахаас татгалзжээ. Энэ нь Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Д.Солонгын оронд томилох хууль зүйн тодорхой үндэслэл болно гэж үзэж байна.

Мөн Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчсөн байна. Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын асуултад хариулж, “Нэгдүгээрт, Ерөнхий сайдын томилгоон дээр Ерөнхийлөгч хориг тавих боломж байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч өөрөө УИХ-д оруулж ирдэг. Хоёрдугаарт, та сая төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдаж байна, Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж байна гэж хэллээ. Бодит байдал дээр Үндсэн хуулийн цэцэд хэн нөлөөлөөд, ямар үйл явц болж байгааг та маш сайн харж байгаа. Гуравдугаарт, Ерөнхийлөгч хувь хүний томилгоон дээр хориг тавиагүй. Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулахдаа үүнийг маш тодорхой дурдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан.

Хориг тавьсан эхний шалтгаан нь Улсын дээд шүүхээс оруулж ирсэн хоёр шүүгчийн хэний оронд Ж.Эрдэнэбулганыг оруулж ирсэн нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэлгүйгээр УИХ-ын шийдвэр гарсан байна. Тийм учраас Шарын Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн асуудалд хориг тавьж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоонд хориг тавиагүй.

Нөгөө талаасаа, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, тогтоомж, шийдвэрт хориг тавих тухай заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын тогтоолд хориг тавьсан” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулж, “Миний хувьд сүүлийн 12 жилийн турш Хууль зүйн байнгын хорооны гишүүн байсан. Хууль зүйн байнгын хороон дээр ярьдаг өнцгийг  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нар зөв яриад байгаа юм. Хуулиа бид яаж мөрдөж байна вэ, хуулийн процедур яаж хэрэгжиж байна вэ гэдгийг Хууль зүйн байнгын хороон дээр бид хоёрдмол утгагүйгээр ярих ёстой. Энэ байнгын хорооны хурлыг хуульчид их үздэг юм билээ. Хуульчид “улс төр”-ийг нь бол үнэхээр тоохгүй л дээ. Монгол Улсын хууль үг, үсгээрээ хэрэгжиж байна уу гэдгийг л хардаг юм. Тийм шийдвэр гараасай гэж хүсэж байгаа. Бусад асуудлыг би бол орхимоор байна.

Гишүүдийн хэлж байгаагаар үнэхээр Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцээгүй асуудал УИХ-ын чуулган руу шууд орж, шийдэгдэж болохгүй. Нэгдүгээрт, ямар ч хуульд ийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хориг тавих эрхтэй. Үүнд маш тодорхой хуулийн хугацаа байгаа. Тэгвэл яагаад Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дуусаагүй байхад УИХ-ын тогтоол гараад хэрэгждэг юм бэ? Бүр ажлаа хүлээж аваад, нөгөө хүнийг нь огцруулаад гэрт нь хариулчихсан байж байдаг. Хэдхэн хоногийн асуудал шүү дээ. Түрүүн Ө.Шижир дарга бас хариулсан. Цэц дээр та бүхний чөлөөлөөд байгаа цэцийн гишүүн бол тодорхой нэг шийдвэр гаргах үйл явцад оролцоод тэр нь дуусаагүй байгаа. Тэрийг дуусгахгүй байгаа гэдэг асуудал яригдаад байна. Энэ бүх асуудлыг хууль зүйн талаас нь зөв шийдэхгүй бол маш том үр дагавартай. Хуулийг дээрээс нь гишгэх нөхцөл байдал бий болох гээд байна.

Хууль зүйн байнгын хорооны хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хууль зүйн процедур талаас нь хараад “Ийм алдаа дутагдал гарсан байна. Үүнийгээ засъя” гэдэг талаас нь яримаар байна. Тэр улс төр бол яах вэ. УИХ-ын чуулган, бусад байнгын хороо тэрийг хийдэг юм байгаа биз. Би 1990 оноос хойш зургаан парламентад байсан хүн. Анх удаагаа байнгын хороон дээр хэлэлцээгүй шууд УИХ-ын чуулган дээр шийдвэр гаргах гэж тогтоолд үг, өгүүлбэр, хүний нэр шургуулж оруулж байгаа байхгүй юу. Та бүхэн бодоод үзээрэй. Дандаа л нэг тал байна гэж байхгүй. Энэ бол цаашид  маш эвгүй үр дагавартай. Улсын дээд шүүх солих хүнээ оруулж ирээгүй гэдэг чинь бас нэг шийдвэр шүү дээ. Шийдвэр гарахгүй байх шийдвэр гэж байдаггүй. Энэ тал дээр бүх талаараа бод. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлээд байгаа Цэцийн гурав, гурав дээр бие биедээ нөлөөлдөггүй байх энэ бол тулгуур зарчим. Эсвэл “УИХ-д та нар хүнээ оруул, хүнээ соль” гээд байнга шаардлага өгнө гэдэг чинь эргэлзээтэй сонсогдож байна. Улсын дээд шүүх хүнээ солих бүрэн эрхэнд нь халдсан гэж ойлгогдоод байна. Одоо бол Улсын дээд шүүх хүнээ илэрхийлээгүй байхад өмнөөс нь, ямар нэгэн санал хураалтгүйгээр эцсийн найруулгад шийдээд явна гэдэг бол эргэлзээтэй байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэхдээ, “Монгол Ардын намын 62 гишүүнд энэ асуудлаар маргаад байх юм байхгүй. Би байнгын хорооны дарга С.Бямбацогтод бас хэлсэн. Ш.Цогтоо гэдэг хүний асуудлыг бид нар байнгын хорооны хурлаар яриагүй шүү дээ. Ядаж Хууль зүйн байнгын хороо нь хуулиа сахидаг, дээдэлдэг болмоор байх юм. Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүн Ш.Цогтоо гэдэг хүний нэрийг хэлсэн. Хэдэн гишүүн нэрийг нь хэлснээс биш байнгын хороон дээр шийдвэр гараагүй, тэгээд чуулган руу оруулаад хүчээр шийддэг асуудлыг зогсоохгүй бол УИХ гэж байхын хэрэг юу байна вэ? Нэг хүний томилгооноос болж хуулийг уландаа гишгэхээ болимоор байна.

Би өөрийн байр суурийг Ерөнхийлөгч хориг тавихаас өмнө илэрхийлсэн байсан. Ерөнхийлөгчийн хоригтой миний байр суурь таарч байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш, Ерөнхийлөгч процессын асуудал дээр хориг тавьж байгаа. Би ч ийм байр суурь илэрхийлсэн. Хоёр хүний хэнийг нь чөлөөлөх вэ гэхээр арай хөгшнөөр нь Ш.Цогтоог чөлөөлчихье гэсэн байна. Ийм хууль байхгүй ээ.

Та нар Ерөнхийлөгчийн хоригийг үзвэл, “…Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлсэн боловч” гэж байна. Улиран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг нь миний ажиллах хугацаа дууссан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Мөн Ерөнхийлөгчийн хоригт “…нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллуулахаас татгалзжээ” гэж байна. Энэ бол Улсын дээд шүүх өөрөө шийдвэрээ гаргачихсан гэсэн үг. Ингээд хэдүүлээ маргаан тэмцэл хийхгүйгээр алдаагаа засаж болдоггүй юм уу? Хэн нэг нь нэгнээ ялах агуулгаар биш, хуулиа дээдлэе л дээ.

Сая Ж.Сүхбаатар гишүүний хэлсэн зүйлтэй холбогдуулаад нэг зүйл хэлье. 1990-ээд онд УИХ-аар Баярсайхан гэдэг хүний Элчин сайдын томилгоо уначихгүй юу. Гэтэл тухайн үеийн Ерөнхийлөгч томилсон. Ингээд прецедент нь үүссэн. Та нар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс болоод Ерөнхийлөгчийн хамаг эрх мэдлийг авч, нэг нам дээр аваачиж наасан. Энэ асуудал буцаад бид нарт зовлон болно шүү. Тиймээс хэдүүлээ энэ асуудал дээр жаахан голч, монгол төрийн хууль дүрмийг барьсан, эрх мэдлийн тэнцвэрийг эвдэхгүй байдлаар хандмаар байна. Сая Ерөнхийлөгч Элчин сайдыг эгүүлэн татсан нь дээрх прецедентээс үүссэн болов уу гэж харж байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид энэ эрхийг нь олгочихсон шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч нарын үеэс ийм прецедент үүсээд явж байсан.

Та бүхэн асуудалд наанатай, цаанатай ханд. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал Монгол Ардын нам ялагдчих гээд байгаа зүйл алга. Харин хэн хэн нь хожно. Хуулиа зөв хэрэглэж байгаа байдал үүсэх байх. Та нар юманд голтой хандмаар байна. Ганц гишүүнгүй бол үхлээ юу? Үндсэн хуулийн цэц дээр та нар олуулаа юм байна лээ. Х.Баттулга гэдэг хүнийг Үндсэн хуулийн цэц дээр унагаахын тулд араа шүдээ хүртэл зэвсэглэж аваад, хууль номоо уландаа гишгээд ямар муухай юм бэ? Энэ бол Монгол Ардын нам биш, монгол төр шүү. Монголын ард түмэн Монгол Ардын намыг 100 хувь дэмжээгүй гэдгийг би дахин дахин сануулж байгаа. Тэгж яривал 50 хувь нь ч дэмжээгүй шүү. Мажоритари тогтолцооны гажиг нь энэ шүү дээ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ хууль дээдлэх зарчмаа алдагдуулсан бодлого, шийдвэрүүдийг гаргаж байна. Шүүхийн тухай хуулийг баталж, шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн харьяанд авчирсны анхны илрэл нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх процесс харуулж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2/3 хувийн саналаар тодруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Үндсэн хуулийн хямралд аваачих эрсдэлийг бий болгосон. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ийм зөрчил гарсныг илрүүлж, хориг тавьсан байна. Улс төрийн байр сууринаас харах биш, Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, хууль дээдлэх зарчмаа баримталж, хоригийг хүлээж авснаар УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байгаагийн баталгаа болох ёстой” гэлээ.

УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ